Трампын НҮД, ЧИХ

ХҮМҮҮС

Америкчууд саяхныг хүртэл Трампын туслах Натали Харп гэж хэн болохыг бараг мэддэггүй байлаа. Тэрбээр Трампыг тууштай дэмждэг, унших мэдээ нийтлэлийг нь хурдан шуурхай бэлтгэж өгдөг гэдгээрээ танигдсан нэгэн. Тэгвэл сүүлийн өдрүүдэд ерөнхийлөгчийн туслах гэдгээс өөрөөр олны анхаарлын төвд шинээр ороод буй Натали Харпыг Ньюс агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа онцоллоо.

Түүнийг олны анхаарлын төвд оруулсан хүн бол Жоржиа мужаас дахин сонгогдохоор өрсөлдөж буй Ардчилсан намын сенатор Жон Оссофф. Тэрбээр өнгөрсөн Ням гаригт болсон сонгуулийн сурталчилгааны арга хэмжээний үеэр ерөнхийлөгчийг үндсэн ажил үүрэгтээ анхаарахынхаа оронд бүжгийн танхим барьж, Наталитай хамт аялахыг л бодож байгаа гэж шүүмжилжээ.

Мэдээж энэ мэдэгдэл ерөнхийлөгчийн эгдүүцлийг төрүүлсэн. Тус мэдэгдлийн талаар маргааш нь сэтгүүлчид ерөнхийлөгч Трампаас асуухад “Та нар Пи-Ви Херманыг хэлж байна уу? Пи-Ви Хермантай адилхан харагддаг тэр хүний талаар яриад байна уу?” гэж хариулжээ. Пи-Ви Херман нь Америкийн алдартай инээдмийн дүр юм.

Цагаан ордны харилцаа холбооны захирал Стивен Чёнг ч бас Жон Оссоффын мэдэгдлийг эсэргүүцсэн бөгөөд түүнийг улс төрийн жинхэнэ ялагдагч гэж нэрлэжээ. Түүнчлэн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Дэвис Ингл “Натали Харп бол ерөнхийлөгч Трампын багийн хамгийн үнэнч, хамгийн шаргуу туслахуудын нэг” гэж магтсан байна.

Зарим хүн өнөөдөр л Натали Харп гэж нэрийг сонсч байж магадгүй ч анзаараад харвал Трампын айлчлал, мэдэгдэл бүрийн үеэр тэр ерөнхийлөгчийн хажууд ойрхон байдаг.

Трампын НҮД, ЧИХ

Түүний төрсөн оныг Википедиа хуудсанд 1990, эсвэл 1991 гэж тодорхойгүй байдлаар тэмдэглэжээ. Телевизийн нэвтрүүлэгч асан тэрбээр 2012 онд Калифорни муж дахь “Point Loma Nazarene” их сургуулийг төгсчээ. Харин мастер зэргээ 2015 онд Виржиниа муж дахь “Liberty” их сургуульд хамгаалсан байна. Түүний эцэг үл хөдлөх хөрөнгийн зуучлагч байсан бөгөөд 2020 оны долдугаар сард амиа хорлож нас барсан аж.

ХҮН ПРИНТЕР

Натали Харп 2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр хүн принтер гэсэн нэртэй болжээ. Учир нь тэрбээр ерөнхийлөгчийн унших мэдээ мэдээллийг хурдан шуурхай бэлтгэж өгөхийн тулд байнга зөөврийн принтер авч явдаг байжээ. Ерөнхийлөгч Трамп цахим сүлжээнд нийтлэгдсэн мэдээ мэдээллийг дэлгэцээр харахаас илүү хэвлэмэл байдлаар унших дуртай.

Түүнчлэн 80 настай Трамп “Truth Social”-д тавьдаг нийтлэлүүдээ Харпад хэлж бичүүлэн, нийтлүүлдэг.

Харпын үнэнч байдлыг Трамп өндрөөр үнэлдэг. Нэгэнтээ Трамп ажилтнууддаа хандан “Та нар мөнгөний төлөө яваад өгнө. Харп л намайг хэзээ ч орхихгүй” гэж хэлж байжээ.

Трамп өнгөрсөн сард Туркээс буцахдаа болзошгүй халдлагаас сэргийлж нууцаар онгоцоо сольсон билээ. Түүнийг Анкарагаас нисэх үед Иран онгоц руу нь пуужин харвахаар төлөвлөсөн байж магадгүй гэж АНУ-ын нууц алба үзсэн тул ерөнхийлөгчийг хамгаалах зорилгоор ийм төөрөгдүүлэх арга хэрэглэсэн байдаг. Ерөнхийлөгч эхлээд “Air Force One” онгоцонд сууж харагдсан ч онгоцон дотроос нууцаар гарч, хоол хүргэлтийн машинд суун, онгоцоо сольжээ.

Тэгвэл “CBS News”-ийн энэ сарын эхээр мэдээлснээр, тухайн үед Трамптай хамт хоол хүргэлтийн машин болон нууц онгоцонд суусан цөөн хэдэн хүний нэг нь Харп байжээ. Мөн Батлан хамгаалахын сайд Пит Хегсет, Цагаан ордны туслахууд болох Уолт Наута, Дан Скавино нар байсан байна. Харин засгийн газрын бусад албан тушаалтан болон хэвлэлийн багийнхан анхны онгоцондоо үлджээ.

Трампын НҮД, ЧИХ

ТРАМПАД ӨРТЭЙ ХҮН

Тэрбээр 2021-2022 онд “One America News Network” телевизэд хөтлөгчөөр ажилладаг байжээ. Тус телевиз нь Трампын үзэл баримтлалыг дэмждэг. Тэнд ажиллах хугацаандаа Харп “Трамп 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялсан” гэх худал мэдэгдлийг олон дахин давтан ярьжээ.

Түүнчлэн Трамп 2018 онд “Right to Try Act” хуульд гарын үсэг зурсан. Натали Харп 2020 онд болсон Бүгд найрамдах намын үндэсний их хурлын үеэр Трампын энэ үйлдлийг магтан сайшааж, илтгэл тавьжээ. 2018 онд батлагдсан энэхүү хууль нь амь насанд аюултай өвчин туссан хүмүүст туршилтын эмчилгээ хийлгэх боломжийг олгосон юм.

Харп ясны хорт хавдрыг даван туулсан учир Трампыг амийг нь аварсан хүн гэж үнэлсэн нь энэ юм.

Тэрбээр энэ талаар илтгэл тавихдаа “Зах зээлд байсан хими эмчилгээний аргууд үр дүнгүй болсон атал хэн ч намайг эмнэлзүйн туршилтад хамруулахыг хүсээгүй. Тэд надад туршилтын эмчилгээ хийлгэх эрх өгөөгүй. Ерөнхийлөгч өө, харин та л надад тийм эрх өгсөн. Таны ачаар л би зөвшөөрөл хүлээсээр байгаад амиа алдах аюулаас аврагдсан” гэжээ.

Трампыг өөрийнх нь амийг аварсан хүн гэж хүлээн зөвшөөрснөөсөө хойш Харп түүнтэй хамтарч ажиллаж эхэлсэн гэдэг. 2023 оны аравдугаар сард Дональд Трампын шүүх хурал болоход Харп хүрч иржээ. Тухайн үед “Trump Tower”-оос Нью-Йорк хотын шүүхийн байр руу явах машинд Харпад суух зай олдоогүй аж. Харин Харп энэ үеэр маргаан дэгдээж, “Трамп өөрөө намайг хамт яваач гэж хүссэн” гэж хэлсэн байна. Эцэст нь суудал олдоогүй ч гэлээ Харп машины арын бүхээгт суун явжээ.

Өмнө нь хэвлэлээр гарч байгаагүй энэ үйл явдал Харпыг үнэхээр Трампын үнэнч дэмжигч, нүд, чих нь болсон зөвлөх мөн юм гэдэг ойлголтыг бататгаж өгсөн. Харпын арга барил ахлах түвшний зарим албан тушаалтнуудын дургүйцлийг төрүүлж, түүнийг ерөнхийлөгчөөс холдуулах гэж оролдож байсан тохиолдол ч байдаг ажээ.

Трампын НҮД, ЧИХ

Трампын НҮД, ЧИХ

Natalie Harp, Executive Assistant to the President in the Oval Office of the White House in Washington, DC, USA on Wednesday, July 29, 2026. President Trump is expected to announce a redesign and overhaul of Dulles International Airport in Northern Virginia. Copyright: xAaronxSchwartzx/xPoolxviaxCNPx/MediaPunchx

Трампын НҮД, ЧИХ

Трампын НҮД, ЧИХ

Трампын НҮД, ЧИХ

Трампын НҮД, ЧИХ

Трампын НҮД, ЧИХ

Трампын НҮД, ЧИХ

ЭХ СУРВАЛЖ: CBS NEWS, CNN

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн