ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 19 /WSJ/. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Пеньяны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээг сэргээхийн тулд энэ намар гэхэд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун-тай уулзах бодолтой байна гэж Америкийн албаны хүмүүсийн ярьсныг эш татан The Wall Street Journal сонин мэдээлжээ.
Энэ уулзалт Хятадын Шэнжэнь хотод 11 дүгээр сард болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр болж магадгүй юм. Гэхдээ тус уулзалтад бэлтгэх ажил албан ёсоор эхлээгүй байна.
Саяхан Трамп Өмнөд Солонгостой хамтран хийж буй цэргийн сургуулилалтын цар хүрээг хумихыг үүрэг болгосны зэрэгцээ Умард Солонгосын удирдагчид хандан энхийн гэрээ байгуулахыг санал болгосон юм.
Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд Ким, Трамп нар гурван удаа уулзсан боловч Умард Солонгосын цөмийн дэд бүтцийг буулгах асуудлаарх хэлэлцээ мухардалд орсон юм. Тэр үеэс хойш Умардын цөмийн зэвсгийн нөөц мэдэгдэхүйц нэмэгдсэн гэдгийг Стэнфордын их сургуулийн Аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагааны төвийн шинжээч Жеффри Льюис хэллээ. “Пуужин харвах хэдэн зуун төхөөрөмж, жил бүр үйлдвэрлэж буй плутони ба өндөр баяжуулсан уран зэргээс харвал Умард Солонгост хэдэн зуун цэнэгт хошуу байх магадлалтай” гэж тэрбээр үзэж байна.
Д.Трамп 2025 онд Азийн орнуудаар айлчлах үеэрээ Ким Жөн Унтай уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Пёньян ч мөн адил уулзалт хийхэд бэлэн гэдгээ ойлгуулсан юм. Гэвч цаг хугацаа давчуу байсан тул уулзалтыг зохион байгуулах боломжгүй болжээ.
Нөгөөтэйгүүр, ийм уулзалт нь Өмнөд Солонгост Хятадын удирдагч Ши Жиньпинтэй хийхээр төлөвлөсөн уулзалтын ач холбогдлыг бууруулахаар байв.