Монгол Улс бэлчээр нутгийг хамгаалах гинжин хэлхээний шинэ тогтолцоог бий болгох шаардлагатай

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 19 //. “Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая” уриан дор энэ сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форумоор үргэлжилж байна. Тус форумын эхэнд “Бэлчээрийн хөрөнгө оруулалт: Уур амьсгалын болон газрын доройтлын эрсдэлийг хөрөнгө оруулалтын боломж болгон хувиргах нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

Монгол Улс бэлчээр нутгийг хамгаалах гинжин хэлхээний шинэ тогтолцоог бий болгох шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан үндсэн илтгэгчээр оролцов. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, “Монгол Улсын нийт газар нутгийн 72.6 хувийг хөдөө аж ахуйн газар эзэлдэг. Үүний 97.6 хувийг малын бэлчээр, хадлангийн газар эзэлж байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн ойролцоогоор 85 хувь нь мал аж ахуйд суурилдаг. Тиймээс бэлчээрийн эрүүл байдал Монголын эдийн засаг, малчдын амьжиргаатай шууд холбогддог” болохыг онцоллоо.

Ерөнхийлөгчийн зөвлөх цааш ярихдаа, “Монгол Улсын хувьд нэгдүгээрт, бэлчээрийн даац хэтэрч, газрын доройтол нэмэгдсэн. Хоёрдугаарт, малын тоо өссөн ч нэг малаас бий болгож буй эдийн засгийн үнэ цэн хангалттай өндөр биш. Тухайлбал, Монгол Улс жил бүр ойролцоогоор 190 сая ам.долларын ноос, ноолууран хувцас, савхин эдлэл, гутал гадаадын зах зээлээс импортолж байна. Нөгөө талаас, Монгол Улс түүхий ноолуураа бүрэн боловсруулалгүй, түүхий болон хагас боловсруулсан хэлбэрээр экспортолж байна. Жилд ойролцоогоор 30 мянган тонн хонины ноос бэлтгэх боломжтой ч үүний 70 гаруй хувийг зөвхөн угааж, цааш боловсруулалгүй экспортолж буй. Тиймээс эдгээр сорилтыг тус тусад нь бус, өөр хоорондоо уялдаатайгаар шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж буй.

“Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлсэнээр ноолуурын салбарт бодит өсөлт гарсан. 2025 онд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөж, 4,023.4 тоннд, экспортын орлого 332.5 сая ам.долларт хүрсэн. Мөн үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулалтын болон эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг төрөөс зээлийн хүүгийн татаастайгаар олгосны үр дүнд дотоодын аж ахуйн нэгжүүд анх удаа нийт ноолуурынхаа 70 хувийг өөрсдөө бэлтгэсэн. Үүнээс гадна Хөдөө аж ахуйн бирж ноолуурын дуудлага худалдааг зохион байгуулснаар нэг килограмм ноолуурын үнэ 210 мянган төгрөг давж худалдаалагдсан” болохыг дурдав.

Түүний хувьд, Монгол Улс тогтвортой бэлчээрийн хөрөнгө оруулалтын үлгэр жишээ улс болохын тулд нэг талын шийдэл хангалтгүй гэж үзэж байна. Төр бодлогын зөв хөшүүргийг бий болгоно. Малчид бэлчээрээ хамгаалж, чанартай түүхий эд үйлдвэрлэнэ. Хоршоод энэ түүхий эдийг нэгтгэнэ. Үйлдвэрлэгчид нэмүү өртөг шингээнэ. Санхүүгийн байгууллагууд урт хугацааны хөрөнгө оруулалтаар дэмжинэ. Харин хөгжлийн түншүүд технологи, мэдлэг, зах зээлтэй холбож өгнө. Эдгээрийг нэг гинжин хэлхээнд холбож чадвал бэлчээрээ хамгаалах нь малчинд ашигтай, тогтвортой үйлдвэрлэл эрхлэх нь бизнест ашигтай, ногоон хөрөнгө оруулалт хийх нь санхүүгийн байгууллагад өгөөжтэй болох гэхчлэн эдийн засгийн шинэ тогтолцоог Монгол Улсад бий болгох шаардлагатай хэмээн үзэж байгаагаа зөвлөх тэмдэглэв.

 Монгол Улс бэлчээр нутгийг хамгаалах гинжин хэлхээний шинэ тогтолцоог бий болгох шаардлагатай

Төрийн банкны Тогтвортой хөгжил хариуцсан дэд захирал захирал С.Болор-Эрдэнэ, малчдыг зөвхөн зээлдэгч гэж авч үзэх нь зохимжгүй. Илүү том агуулгаар буюу малчин өрх нь хүнс үйлдвэрлэгч, байгалийн нөөцийн менежер, орон нутгийн эдийн засгийн гол оролцогч хэмээн тодорхойлж байв. Тиймийн учир аль нэг өрхөд илүү их зээл өгөх гэхээсээ тохирсон бүтээгдэхүүнээр зөв хөрөнгө оруулалт хийвэл малчин өрхийн орлого илүү тогтворжино. Өнөөгийн нөхцөлд Төрийн банк малчдаас ямар нэг байдлаар олон төрлийн баталгаа шаардахаасаа илүүтэйгээр бодит амьдралд нийцсэн буюу мах, ноолуур, сүү, цагаан идээ зэргийг хамгийн ихээр борлуулдаг орлогын мөчлөг, уур амьсгалын эрсдэлд нийцсэн санхүүжилтийн бүтэцтэй болоход анхаарч байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, уламжлалт барьцаа гэхээсээ илүүтэй мөнгөн урсгал, үйлдвэрлэлийн түүх, бүтээгдэхүүний борлуулалт, худалдан авалтын гэрээ зэрэг мэдээллийг зээлийн үйл ажиллагаандаа ашиглахыг зорьж байгаа аж. Товчдоо бол, малчид нь сар бүрийн тогтмол орлогогүй байдаг. Иймээс зээлийн хугацаа, эргэн төлөлтийн хуваарийг өөрсдийнх нь орлогын мөчлөгтэй уялдуулах нь хамгийн оновчтой гэж хэлэлцүүлгийн үеэр ярив.

Монгол Улс бэлчээр нутгийг хамгаалах гинжин хэлхээний шинэ тогтолцоог бий болгох шаардлагатай

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын малчин С.Баяртогтох мөн тус хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчийн нэгээр оролцов. Тэрбээр бэлчээр нутгаа хамгаалахын тулд уламжлалт арга ажиллагааг ашиглаж байгаагаа хэлэв. Тэднийх жилдээ 3-аас доошгүй удаа нүүдэллэж байгаа ч энэ нь хангалттай бус. Бэлчээрийн гарц, усны ундарга 30 жилийн өмнөхтэй харьцуулахад мэдэгдэм багассан. Цаг агаарын тогтворгүй байдал, малын халдварт өвчин, уул уурхайн тэлэлт, усны бохирдол, бэлчээрийн хомсдол зэрэг олон хүчин зүйл тэдний амьдралд шууд болон шууд бусаар нөлөөлөх болсон. Иймд малчид газар нутгаа урт удаан хугацаанд ашиглахын тулд бэлчээрийн даац, газрын гарцдаа тохируулж малынхаа тоо толгойг тооцож өсгөдөг болох хэрэгтэй гэсэн бодолтой явдгаасаа хуваалцав. Үүний зэрэгцээ түүний хувьд хамгийн их санаа зовоосон асуудал бол малчдын залгамж халаа тасарч буй явдал гэнэ. Орон нутагт мал маллах хүнгүй болж байгаа тул залуу малчдыг бодлогоор дэмжээсэй. Малын түүхий эд, малчдын гар дээрх бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг зах зээлийг улам тэлээсэй. Үүний тулд Засгийн газар, бизнесийн байгууллага банкны салбар бодит дэмжлэг үзүүлдэг байгаасай. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад оруулж буй малчдын оролцоог улам их нэмэгдүүлээсэй гэсэн санаа бодлоо тэрбээр уламжилсан юм. 

Форумыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БОУАӨЯ, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц, Дэлхийн банк, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо, бусад түншд байгууллага хамтран зохион байгуулж байна. Уг форум хоёр өдрийн турш үргэлжилнэ.

Монгол Улс бэлчээр нутгийг хамгаалах гинжин хэлхээний шинэ тогтолцоог бий болгох шаардлагатай


Монгол Улс бэлчээр нутгийг хамгаалах гинжин хэлхээний шинэ тогтолцоог бий болгох шаардлагатай


Монгол Улс бэлчээр нутгийг хамгаалах гинжин хэлхээний шинэ тогтолцоог бий болгох шаардлагатай


Монгол Улс бэлчээр нутгийг хамгаалах гинжин хэлхээний шинэ тогтолцоог бий болгох шаардлагатай


Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн