Арабын нэгдсэн Эмират улс Ираныг баллистик пуужин харвасан гэж буруутган, тодорхойгүй хугацаагаар худалдааны хориг тавьжээ. Тус улсын Гадаад хэргийн яам өнөөдөр /2026.08.19/ гаргасан мэдэгдэлдээ “Бид энэхүү шийдвэрийг бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулж буй хурцадмал байдлыг харгалзан гаргасан. Ирантай хийх бүх худалдаа, арилжааны солилцоо, санхүүгийн гүйлгээг дараагийн мэдэгдэл хүртэл зогсоосон” гэжээ.
АНЭУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, Иранаас харвасан хоёр баллистик пуужингийн нэг нь тус улсын нутаг дэвсгэрийн усан хилээс гадуур, нөгөө нь усан хил дотор унасан байна. Мөн тус пуужингууд нь далайн тээврийн хэрэгслийг онилж байсан гэж мэдэгдэв.
Агаарын довтолгооноос хамгаалах хүчин уг пуужингуудыг илрүүлсэн гэж байгаа ч Иран үүнийг үгүйсгэжээ. Тодруулбал, Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаей энэ буруутгалыг “зохион байгуулалттай ажиллагаа” гэж няцаасан байна. Мөн Арабын нэгдсэн Эмиратын мэдэгдлийг сайн хөршийн зарчимтай зөрчилдөж байна гэж анхааруулаад, бүс нутгийн улс орнуудыг Ираны эсрэг үндэслэлгүй мэдэгдэл хийхээс зайлсхийхийг уриалжээ.
Дайны эхний зургаан долоо хоногийн хугацаанд Ираны арми Арабын нэгдсэн Эмиратыг онилж, АНУ-ын хөрөнгө гэж тодорхойлж буй байнууд руу 530 гаруй баллистик пуужин, хэдэн арван далавчит пуужин, 2200 гаруй нисгэгчгүй онгоц харвасан. Наймдугаар сарын 18-ны халдлага нь тавдугаар сараас хойш Иран Арабын нэгдсэн Эмиратыг онилж буй анхны тохиолдол болж байна.
АНЭУ-ын худалдааны хориг нь АНУ-аас ч илүү Иранд цохилт болно гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын туслах асан Марк Киммитт хэлжээ. Яагаад гэвэл АНЭУ нь өнгөрсөн хугацаанд Хятад, Туркийг хойноо хаяж, Ираны хамгийн чухал худалдааны түнш болсон. Ираны жилийн импортын гуравны нэгийг АНЭУ дангаараа эзэмшдэг. Тэгэхээр хоёр улсын хоорондын худалдааны ач холбогдлыг дутуу үнэлэхийн аргагүй юм.