Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод байрлах Барака цөмийн цахилгаан станцын бүсэд тавдугаар сарын 17-ны өдөр гурван дрон нэвтэрч, станцын ойролцоо гал гарчээ. Хаанаас гаралтай агаарын цохилт болохыг тодруулахаар албаныхан ажиллаж байна. АНЭУ-ын Батлан хамгаалах яамны мэдээлснээр дронууд баруун хилийн орчмоос нэвтэрчээ.
Гурван дроны хоёрыг нь саатуулсан боловч гурав дахь нь Барака цөмийн цахилгаан станцын аюулгүй периметрээс гадна байрлах цахилгаан үүсгүүрийг оносон аж. Халдлагаас болж хүн бэртэж гэмтээгүй. Мөн цацрагийн аюулгүй байдлын түвшинд ямар ч нөлөө үзүүлээгүйг албаныхан мэдээлж байна.
АНЭУ-ын Гадаад хэргийн яам энэ цохилтыг хүлээн зөвшөөрч боломгүй түрэмгий үйлдэл гэж нэрлэв. Түүнчлэн “Бид аливаа дайсагнасан үйлдлийн эсрэг хариу үйлдэл үзүүлэх эрхтэй” гэж мэдэгдээд, цөмийн эрчим хүчний байгууламжийг онилох нь олон улсын хууль, НҮБ-ын дүрэм, хүмүүнлэгийн хуулийг зөрчиж буй үйлдэл гэжээ.
Ираны дайн хоёрдугаар сард эхэлснээс хойш Арабын нэгдсэн Эмират улсын эрчим хүч, эдийн засгийн дэд бүтэц цөөнгүй цохилтод өртсөн. Үүний ард Иран байгаа гэж АНЭУ буруутгасаар ирсэн билээ.
Дашрамд дурдахад, АНЭУ-ын цөмийн байгууламж цохилтод өртсөн мөн өдөр Саудын Арабын агаарын орон зайд Иракын зүгээс гурван дрон нэвтэрчээ. Саудын Араб тэдгээрийг бүгдийг нь саатуулж, устгасан гэж Батлан хамгаалах яам нь мэдэгдэв.