АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Канадын өргөн хүрээний бараа бүтээгдэхүүнд 50 хувийн тариф ногдуулна гэж мэдэгдээд байсан. Уг тариф нь Америкийн цагаар наймдугаар сарын 19-ний 00:01 цагаас эхлэн хэрэгжих байсан ч Трамп хэдхэн цагийн өмнө дахин мэдэгдэл хийж, тарифыг хойшлуулав. Ингэснээр Канад улс 20 тэрбум ам.долларын импортын тарифаас түр боловч мултраад байна.
Трамп Мягмар гаригийн орой /2026.08.18/ “Truth Social” хаягаараа “Бичиг баримтыг эцэслэн боловсруулах нөхцөлтэйгээр хоёр ула хэлэлцээнд хүрсэн тул 50 хувийн тарифыг гурав хоногийн хугацаатайгаар түр зогсоож байна” гэж бичжээ. Түүнчлэн “Канадын Альберта мужаас АНУ руу газрын тос тээвэрлэхээр төлөвлөгдсөн “Keystone XL” хоолойн төслийг эргэн сэргээж магадгүй” гэж Трамп мэдэгдсэн байна. Гэхдээ үүнтэй холбоотой өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
50 хувийн тарифт сүүн бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, тавилга зэрэг бүтээгдэхүүн хамрагдаж байгаа аж. Эдгээр бараа бүтээгдэхүүн нь өнгөрсөн онд Канадын АНУ-д экспортолсон нийт барааны үнийн дүнгийн ойролцоогоор таван хувийг бүрдүүлжээ.
Тарифыг гурав хоногоор хойшлуулах шийдвэр нь хэдэн хоногийн турш үргэлжилсэн уулзалт, яриа хэлэлцээний дүнд гарсан байна. Тодруулбал, Канадын ерөнхий сайд Марк Карни, Трамп нар өнгөрсөн хоёр өдөр утсаар ярилцаж, хэлэлцээ үргэлжилжээ.