Загварын урлагийг дахин тодорхойлж буй Даниел Розберри

FASHION

Загварын ертөнцийг зөвхөн хувцас урлал бус, урлагийн нэгэн төрөл гэж үздэг хүмүүсийн тоо цөөнгүй. Энэ ойлголтыг хамгийн тод илэрхийлж буй дизайнеруудын нэг бол Францын тансаг зэрэглэлийн “Maison Schiaparelli” ордны уран сайхны захирал Даниел Розберри юм. Түүний бүтээлүүд ердийн загварын хэв маягийг эвдэж, сюрреализм, уран баримал, үнэт эдлэл, гар урлалын нарийн ажиллагааг нэг дор шингээснээрээ дэлхийн загварын тайзнаа онцгой байр суурь эзэлдэг. Энэ талаар “NEWS” агентлагийн “FASHION” буландаа онцолж байна.

Розберригийн хамгийн сүүлийн үеийн, өндөр зэрэглэлийн кутюр цуглуулгын нэг загвар л гэхэд шинэлэг гэх үзэл санааг бүрэн илэрхийлнэ. Ноосон даашинзнаас зээрийн эвэр мэт хэлбэртэй хоёр том чимэглэл урган гарч, тэдгээрийг алтан утас, сувд, болор, гар аргаар хийсэн гоёл, “Swarovski” чулуунуудаар чимэглэжээ. Үүнтэй хосолсон толгойн гоёл болон алтан чимэглэлүүд нь уг бүтээлийг хувцас гэхээсээ илүү урлагийн бүтээл мэт харагдуулдаг.

Техас мужийн Плано хотод төрж өссөн Розберригийн даруухан зан чанарыг харахад ийм зоримог бүтээлүүдийг туурвидаг хүн гэж төсөөлөхөд бэрх. Тэрбээр өөрийгөө олны анхаарлын төвд байх дуртай нэгэн биш, харин жилийн ихэнх хугацааг Мэйн мужийн ойд жижиг байшинд амьдарч, тэндээсээ хувцсаа урлахад ч бэлэн хүн гэж тодорхойлдог. “Миний амьдрал, зан чанар миний бүтээдэг хувцастай бараг эсрэг тэсрэг байдаг” хэмээн тэр ярьжээ.

“Schiaparelli” ордны уран сайхны захирлаар 2019 онд томилогдох үедээ 33 настай байсан Розберри Францын кутюр ордныг удирдаж буй анхны бөгөөд цорын ганц америк дизайнер юм.

Загварын урлагийг дахин тодорхойлж буй Даниел Розберри

Тэрбээр Нью-Йоркийн “Fashion Institute of Technology”-д суралцаж, “Thom Browne” брэндэд арван жил ажилласан туршлагатай. Гэхдээ тэрбээр өндөр зэрэглэлийн кутюр урлалын албан ёсны боловсролгүй, франц хэл ч мэддэггүй байжээ. Үүнээс гадна загварын ертөнцийн домог болсон Эльза Скиапареллигийн өвийг үргэлжлүүлэх асар их хариуцлага түүний өмнө тулгарсан юм.

Загварын урлагийг дахин тодорхойлж буй Даниел Розберри

Эльза Скиапарелли XX зууны хамгийн нөлөө бүхий дизайнеруудын нэг бөгөөд түүнийг тухайн үеийн хамгийн том өрсөлдөгч нь болох Коко Шанельтай эн зэрэгцүүлэн үнэлдэг. Италийн язгууртан гэр бүлээс гаралтай тэрээр багаасаа уламжлалыг эсэргүүцэж, сюрреалист уран бүтээлчидтэй хамтран ажилласнаараа загварын ертөнцөд шинэ урсгал бий болгосон. Түүний 1937 онд Испанийн алдарт зураач Сальвадор Далитай хамтран бүтээсэн торгон даашинз нь өнөөдөр ч загварын түүхэн дэх хамгийн алдартай бүтээлүүдийн нэг хэвээр байдаг.

Загварын урлагийг дахин тодорхойлж буй Даниел Розберри

Ийм өв уламжлалыг үргэлжлүүлэх нь ямар ч дизайнерын хувьд том сорилт. Гэвч Розберри ажлаа эхлэхдээ айдас түгшүүрийг бодох завгүй байжээ. Анхны цуглуулгаа бэлтгэхэд ердөө 63 хоногийн хугацаа байсан тул тэр бүх анхаарлаа зөвхөн бүтээлдээ зориулсан гэж дурссан байдаг. Дараах хоёр жил нь цар тахлын хөл хориотой давхацсан ч Розберри “Schiaparelli”-ийн шинэ дүр төрхийг бүтээж чадсан юм.

Розберри өнгөрснийг хуулбарлах бус, брэндийн шинэ “хэл”-ийг бий болгохыг зорьдог.

Түүний бүтээлүүдэд хүний нүд, уруул, хамар, гарын хэлбэртэй үнэт эдлэл, сүрлэг мөр, том хэмжээтэй дүрс, уран баримал мэт эсгүүр тогтмол харагддаг. Эдгээр нь Эльза Скиапареллигийн сюрреалист өвийг хадгалан, орчин үеийн мэдрэмжийг шингээсэн шинэ дүр төрхийг илэрхийлдэг.

Загварын урлагийг дахин тодорхойлж буй Даниел Розберри

Тэрбээр загвар зохион бүтээх бүх үйл явцад өөрөө оролцдог. Анхны нооргоос эхлээд тайзны үзүүлбэр, сурталчилгааны зураг авалт хүртэл багтайгаа хамт ажилладаг аж. Мөн зураг зурах нь түүний хамгийн том давуу тал билээ. Хүүхэд байхдаа ээжээсээ зураг зурж сурсан нь өнөөдөр ч бүтээлч үйл явцынх нь суурь хэвээр байна.

2021 онд АНУ-ын ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Леди Гагагийн өмссөн “Schiaparelli”-ийн загвар Розберригийн нэрийг дэлхийд улам таниулсан.

Улаан торгон даашинз, хар хөх хүрэм, алтан тагтаа дүрстэй энгэрийн тэмдэг бүхий уг хувцас хэдхэн хоногийн дотор бүтээгдсэн бөгөөд анхны санаа нь цагаан өнгөтэй байсан. Гэсэн хэдий ч Гага өөрөө улаан, хөх өнгийг санал болгосноор илүү хүчирхэг илэрхийлэлтэй болсон гэж Розберри дурсдаг.

Өнөөдөр түүний бүтээлүүдийг Бейонсе, Ким Кардашиан, Карди Би, Мишель Обама зэрэг дэлхийн олон алдартан сонгон өмсдөг болсон. “Schiaparelli”-ийн тайзнаа толилуулсан шинэ цуглуулгууд нь Парисын кутюр долоо хоногийн хамгийн их хүлээлттэй арга хэмжээний нэг болжээ.

Загварын урлагийг дахин тодорхойлж буй Даниел Розберри

Розберригийн үзэж байгаагаар кутюр урлал нь зөвхөн тансаг хэрэглээ биш, харин гар урлал, бүтээлч сэтгэлгээний хамгийн дээд илэрхийлэл юм. “Дижитал технологи бүхнийг хуулбарлаж, түгээх боломжтой болсон. Энэ үед хүнийг гайхшруулж, хэсэгхэн зуур ч болов зогсоон бишрүүлэх хүчтэй бүтээлүүдийн үнэ цэнэ улам нэмэгдэж байна” гэж тэрбээр онцолдог.

Даниел Розберригийн бүтээлүүд загварын тайзнаас давж, орчин үеийн урлагийн нэгэн хэлбэр болон хөгжиж буйг дэлхийн загварын ертөнц ийнхүү үнэлсээр байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн