ОХУ, Хойд Солонгосыг холбосон гүүрийг барьсан компани шүүхэд дуудагджээ

Орос, Хойд Солонгосыг холбосон авто замын шинэ гүүрийг ирэх сарын эхээр нээхээр төлөвлөөд буй. Гэвч нээлтээс хэдхэн долоо хоногийн өмнө гүйцэтгэгч компани “TonnelYuzhStroi” шүүхэд дуудагдаад байна.

Тодруулбал, Сочи хотод төвтэй “TonnelYuzhStroi” компани нь чулуу, хайрга, хөрсний материал нийлүүлэгч “Primorskaya Nerudnaya” компанид 1.44 сая ам.долларын өртэй аж. Үүн дээр хугацаа хэтрүүлсний торгууль болох 170,535 ам.доллар нэмэгдсэн гэж Владивосток хотын Арбитрын шүүх мэдэгджээ. Нэхэмжлэгч компани “Primorskaya Nerudnaya” өнгөрсөн зургадугаар сард “TonnelYuzhStroi”-д 4.2 сая ам.долларын барилгын материал нийлүүлсэн ч төлбөрөө бүрэн авч чадаагүй тул шүүхэд хандсан байна.

Эл хэргийг ирэх сард дахин хэлэлцэхээр товлоод байна.

Нэхэмжлэгч компани “Primorskaya Nerudnaya” нь Владивосток хотод байрладаг бөгөөд үйл ажиллагааных нь үндсэн бүс Оросын Алс дорнод юм. Тус компани нь “TonnelYuzhStroi”-ийн олон нийтэд ил болсон цорын ганц томоохон нийлүүлэгч байх магадлалтай. “TonnelYuzhStroi” компани цөөн ажилтантай, санхүүгийн алдагдалтай байсан ч 2025 оны хоёрдугаар сард Оросын засгийн газартай уг төслийн гэрээг байгуулжээ.

Гүүрний барилгын ажил өнгөрсөн оны дөрөвдүгээр сард албан ёсоор эхэлсэн. Хойд Солонгосын тал энэ сард хилийн үндсэн байгууламжаа барьж дуусчээ. Харин ОХУ өөрийн талын хавьгүй том шалган нэвтрүүлэх цэгт хэд хэдэн барилга нэмж байгуулсныг хиймэл дагуулын зураг болон олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн дүрс бичлэгүүдээс тодорхой болгожээ.

Хилийн гарцын нийт урт 4.7 км урт. Үүнээс нэг км нь авто замын гүүр юм. Энэхүү хилийн гарцын барилгын ажилд ОХУ анх 110 сая ам.доллар төсөвлөсөн боловч бодит байдал дээр нийт өртөг нь 170 сая ам.доллараас давсан аж.

Гүүрний нээлтийн ёслолыг Владивосток хотод болох Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр зохион байгуулах төлөвтэй байна. Путин уг чуулга уулзалтад тогтмол оролцдог. Зарим хэвлэлд мэдээлж буйгаар, Путин гүүрний нээлтийн ёслолд Ким Жон Уны хамтаар оролцож магадгүй ажээ.

ЭХ СУРВАЛЖ: NK NEWS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн