Хятадын Гадаад хэргийн сайд Ван И энэ долоо хоногт Өмнөд Солонгост хоёр өдрийн айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд талууд хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээс гадна Хойд Солонгостой холбоотой асуудлуудыг ч хөндөх бололтой.
Айлчлалын эхний өдөр /2026.08.19/ Ван И Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Хюнтай уулзана. Хоёр дахь өдөр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мёнтой уулзахаар төлөвлөжээ. Мөн өдөр тэрбээр Өмнөд Солонгосын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Ви Сун Лактай тусдаа уулзаж, хоёр улсын хамтын ашиг сонирхол болон түүнтэй холбогдох асуудлуудыг хэлэлцэнэ.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мён энэ оны нэгдүгээр сард Хятадад айлчилж, Ши Жиньпинтэй дээд хэмжээний уулзалт хийсэн. Үүнээс хойш Хятадын өндөр дээд түвшний албан тушаалтан анх удаа Өмнөдөд айлчилж буй нь энэ. Талууд хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын уулзалтыг энэ оны эхний улиралд багтаан зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч уг төлөвлөгөө хэрэгжээгүй. Ийнхүү төлөвлөгөө хойшлогдсон нь Хятад улс Хойд Солонгос дахь нөлөөгөө сэргээхэд анхаарлаа хандуулж байгаатай холбоотой байж магадгүй гэх таамаг гарсан байна. Учир нь Ван И энэ оны дөрөвдүгээр сард, түүний дараа Ши Жиньпин өнгөрсөн сард Хойд Солонгост айлчилсан билээ.