Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 18 //. Монгол Улс энэ сард 500 вагон АИ92 шатахуун, 1314 вагон дизель түлш хүлээн авчээ. Өнөөдрийн байдлаар ОХУ-аас 74 вагон АИ92 ирж байгаагаас 39 вагоныг нь өртөөнүүдэд буулгах ажил үргэлжилж байна.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабын ээлжит хуралдаан өнөөдөр болжээ. Хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням удирдан, холбогдох мэдээллүүдийг сонсож, тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн байна.
Тус хуралд танилцуулснаар, өнөөдөр БНХАУ-аас 80 вагон АИ92 шатахуун ирж байна. Харин онгоцны түлшний хувьд нийт 17 вагоныг хүлээн аваад байгаа ажээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд гаалийн байгууллага 12920 тонн газрын тосны бүтээгдэхүүнийг Монгол Улсын хилээр түргэн шуурхай нэвтрүүлжээ.
Энэ сарын 17-18-нд шилжих шөнийн 00:00 цагаас үүрийн 04:00 цагийн хооронд АҮЭБ-ын сайд Г.Дамдинням АҮЭБЯ, АМГТГ, Монополын эсрэг газрын байцаагчидтай хамт нийслэл хотын ШТС-уудын ажил байдалтай газар дээр нь танилцаж, ШТС-уудад байгаа нөөцийг хэвийн олгох үүргийг тухай бүрд өгчээ. Түүнчлэн Монополын эсрэг газарт нефтийн бүтээгдэхүүн импортлогч, түгээгч бүх аж ахуй нэгжид хууль эрх зүйн зөвлөмж хүргүүлэх үүрэг өгсөн байна. Тодруулбал, санаатайгаар шатахууны хомсдол үүсгэсэн тохиолдолд оногдуулах хууль, эрх зүйн зохицуулалтыг нефть импортлогчдод сануулж, ард иргэдийг нефтийн бүтээгдэхүүнээр тогтвортой, найдвартай хангах гэрээний үүргээ биелүүлэхийг АҮЭБ-ын сайд Г.Дамдинням онцолсон тухай тус яамны цахим хуудсанд мэдээлжээ.
Цаашид шатахууны түгээлтийг эрчимжүүлэх зорилгоор ШТС-ууд хэвийн ажиллаж байгаа эсэхийг шуурхай штабаас хяналт шалгалтыг үргэлжлүүлж ажиллахаар болсон байна.