, 2026 оны наймдугаар сарын 18Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулж буй Залуучуудын форум өндөр түвшний хэлэлцүүлэгт Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир оролцлоо.
Энэхүү форумыг СОР13-ын үеэр анх зохион байгуулсан бөгөөд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаарх олон улсын бодлого, шийдвэрт залуучуудын нөлөөллийг нэмэгдүүлэх, тэдний санал санаачилгыг бодит шийдэлд хөтлөх, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр залуу бизнес эрхлэгчдийг дэмжих боломжийг бий болгох зорилгоор энэ жил тав дахь удаагаа СОР-ын нэг хэсэг болон зохиож байгаа юм.
Дэд сайд Б.Мөнхтамир хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” буюу үндсэн гурван санаачилга болох Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус ба газрын нэгдсэн санаачилга, Байгальд суурилсан тогтвортой хөгжлийн санаалчилгыг танилцууллаа. Тэрбээр, “Монгол Улсын хувьд бэлчээр бол зөвхөн хамгаалах шаардлагатай эко систем биш. Энэ нь малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэс юм.
Монгол Улсад Улаанбаатар хотоос гадна орон нутагт ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэхэд чиглэсэн олон ажил хэрэгжиж байна. Энэ нь орон нутгийн хөгжлийн өргөн хүрээний бодлогын нэг хэсэг.
Тухайлбал, газрын нөхөн сэргээлт болон байгаль орчны үйл ажиллагаа нь орон нутагт ажлын байр бий болгох боломжтой. Бэлчээрийн нөхөн сэргээлт, усны менежмент, эко системийн хяналтад илүү их хөрөнгө оруулахын хэрээр нөхөн сэргээлт, мониторинг болон холбогдох үйлчилгээний чиглэлээр ажиллах практик ур чадвартай иргэдийн хэрэгцээ нэмэгдэнэ. Мөн ногоон агро бизнесээр дамжуулан ажлын байр бий болгох боломжтой. Хөдөө аж ахуйн түүхий бүтээгдэхүүнийг шууд экспортлох эсвэл боловсруулалт багатайгаар борлуулахын оронд боловсруулах, баталгаажуулах, савлах, тээвэрлэх, зах зээлийг нь хөгжүүлэх замаар орон нутагт илүү олон ажлын байр бий болгож болно. Түүнчлэн орон нутагт ажлын байр бий болгохын тулд санхүүжилт, дэд бүтэц, зохистой эрх зүйн орчин шаардлагатай” гэдгийг онцоллоо.
Мөн “COP17 бол газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог бэхжүүлэх, хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ” гэдгийг тодотгов гэж салбарын яамнаас мэдээлэв.
