Таван бүс нутгийн төлөөлөл COP17-д дэвшүүлэх иргэний нийгмийн тэргүүлэх чиглэлийг танилцуулав

, 2026 оны наймдугаар сарын 17Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр Улаанбаатар хотноо үргэлжилж байна. Тус хурлын үеэр таван бүс нутгийг төлөөлсөн UNCCD-ийн иргэний нийгмийн төлөөлөгчид COP17 бага хуралд дэвшүүлэх иргэний нийгмийн тэргүүлэх чиглэлийг танилцууллаа. 

 Таван бүс нутгийн төлөөлөл COP17-д дэвшүүлэх иргэний нийгмийн тэргүүлэх чиглэлийг танилцуулавМариолди Санчес Сантиваньес-(Латин Америк ба Карибын тэнгисийн бүс):

-Иргэний нийгмийн байгууллагууд нь конвенцын хэрэгжилтийг хангахад маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Ялангуяа орон нутгийн иргэд, фермерүүд, жижиг аж ахуй эрхлэгчидтэй шууд хамтран ажиллаж, конвенцын зорилго, зорилтыг бодит амьдрал дээр хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг. Үүний зэрэгцээ иргэний нийгмийн байгууллагууд нь дотоодын бодит нөхцөл байдал, орон нутгийн иргэдийн хэрэгцээ, санал бодлыг дэлхий нийтийн хөтөлбөр, бодлого, зорилтуудтай холбож өгдөг чухал гүүр болж ажилладаг. Конвенцыг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангах зорилгоор иргэний нийгмийн байгууллагын панел ажилладаг бөгөөд уг панел нь таван бүс нутгийг төлөөлсөн таван гишүүнээс бүрддэг. Гишүүд хоёр жил тутамд томилогддог. Тэдний гол чиг үүрэг нь конвенцын талуудын бага хурлууд буюу COP хоорондын иргэний нийгмийн байгууллагуудын байр суурь, санал, оролцоог уялдуулдаг. Бид энэхүү чиг үүргийг хүлээн авснаас хойш өнгөрсөн жилээс хамтран ажиллаж, COP17-д зориулсан иргэний нийгмийн байгууллагуудын гол байр суурийг тодорхойлоход анхаарлаа. Энэ хүрээнд бид таван бүс нутгийг төлөөлсөн иргэний нийгмийн байгууллагуудын санал, байр суурийг сонсож, талуудын оролцоог хангах олон төрлийн механизмыг бий болгосон. Ингэснээр газар дээрх бодит нөхцөл байдал, орон нутгийн иргэдийн дуу хоолой, бусад бүс нутгийн онцлогийг тусгаж чадсан. Эдгээр мессежийг COP17-гийн үеэр танилцуулна. Мөн энэхүү COP-д оролцож буй иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж, оролцогч талуудыг дэмжихэд бид бэлэн байна. Хамгийн гол нь конвенцын зорилго, зорилтыг бодит үр дүнд хүргэхийн тулд хэрэгжилтийн шатанд анхаарч ажиллах шаардлагатай байна.

Таван бүс нутгийн төлөөлөл COP17-д дэвшүүлэх иргэний нийгмийн тэргүүлэх чиглэлийг танилцуулав

Энди Моррис (Баруун Европ):

-Миний хувьд COP17-гоос хүлээж буй хамгийн чухал зүйл бол зөвхөн шинэ зорилго, амлалт дэвшүүлэхээс гадна тэдгээрийг бодит хэрэгжилт рүү шилжүүлэх явдал юм. Иргэний нийгмийн байгууллагуудын өнцгөөс харахад, хэрэгжилтийг бодитой болгохын тулд хангалттай санхүүжилтийг бүрдүүлж, орон нутгийн иргэдэд хүргэх нь нэн чухал. Ингэж чадсан тохиолдолд конвенцын зорилтууд амьдрал дээр бодитоор хэрэгжинэ. Мөн Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа, мэдлэг туршлага, солилцооноос гадна шинжлэх ухааны салбарын эрдэмтэд, уугуул иргэд, орон нутгийн малчид, фермерүүд болон бусад оролцогч талын мэдлэг, туршлагыг нэгтгэх шаардлагатай. Энэ бүх үйл явцыг холбож, оролцогч талуудын дуу хоолойг бодлого, шийдвэр гаргалтад хүргэхэд иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо маш чухал. Тиймээс COP17 нь зөвхөн зорилго, амлалтыг дахин тодорхойлох бус, бодит хэрэгжилт, санхүүжилт, орон нутгийн түвшний оролцоог хангах чиглэлд тодорхой ахиц гаргах чухал боломж гэж бид үзэж байна. Ерөнхийдөө уугуул иргэд болон уламжлалт мэдлэгийг техник технологийн дэвшилтэй хослуулах шаардлагатай. Орон нутагт асар их баялаг мэдлэг, мэдээлэл бий. Тиймээс уугуул иргэдийн уламжлалт мэдлэгийг шинжлэх ухааны мэдлэг, судалгаатай холбож, хамтатгах хэрэгтэй. Мөн бид нотолгоонд суурилсан нөлөөллийн ажлыг хийдэг. Иргэний нийгмийн байгууллагуудын бий болгосон механизм нь дотоодын оролцогч талуудад өөрчлөлтийг бий болгох, тэдний оролцоо, чадавхыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх болно.

Таван бүс нутгийн төлөөлөл COP17-д дэвшүүлэх иргэний нийгмийн тэргүүлэх чиглэлийг танилцуулав

Амия Прапан Чакра Борти – (Ази):

-Иргэний нийгмийн байгууллагууд өөр хоорондоо уялдаатай хэд хэдэн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Үүнд, нэгдүгээрт аюулгүй, тэгш хүртээмжтэй газар ашиглалтыг хангах. Ялангуяа эмэгтэйчүүд, уугуул иргэд болон орон нутгийн иргэдийн газар ашиглах эрх, оролцоог дэмжих шаардлагатай. Үүний зэрэгцээ оролцогч талуудыг дэмжсэн газрын засаглал, газар ашиглалтын зөв төлөвлөлтийг бий болгох нь чухал. Хоёрдугаарт ирээдүйд чиглэсэн илүү амбицтай зорилт, хүрээг тодорхойлох. Хэрэгжилтийг зөвхөн өнөөдрөөр бус, 2030 оноос цааших хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай. Гуравдугаарт усны тогтвортой менежмент, ган гачигт тэсвэртэй бүс нутгийг бий болгох. Үүний тулд оролцогч талуудын идэвхтэй оролцоонд тулгуурласан, бодит хэрэгцээнд нийцсэн шийдлүүдийг боловсруулах хэрэгтэй. Дөрөвдүгээрт оролцогч талуудын утга учиртай, бодит оролцоог хангах. Уугуул болон орон нутгийн иргэд, малчид, эмэгтэйчүүд, залуучууд болон бусад холбогдох төлөөллийг шийдвэр гаргах үйл явцад бодитоор оролцуулах шаардлагатай.

Мөн газрын доройтол, хөрсний эрүүл мэндийн асуудалд илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Риогийн конвенцуудын хүрээнд хэрэгжилтийг сайжруулж, нэгдмэл, уялдаатай арга барилыг хэрэгжүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын доройтол болон хүнсний аюулгүй байдлын асуудлыг тус тусад нь бус, харилцан уялдаатайгаар цогцоор нь авч үзэх шаардлагатай.

Таван бүс нутгийн төлөөлөл COP17-д дэвшүүлэх иргэний нийгмийн тэргүүлэх чиглэлийг танилцуулав

Сопико Бабалашвили – (Төв ба Зүүн Европ):

-Иргэний нийгмийн байгууллагуудын гол мессежүүд нь COP17-гийн хүрээнд нэг жилийн хугацаанд хийсэн хамтын ажлын үр дүн юм. Бид энэхүү мессежүүдийг боловсруулахдаа оролцоонд суурилсан үйл явцыг ашигласан бөгөөд нийт 19 иргэний нийгмийн байгууллага оролцсон. Бидний тодорхойлсон гол байр суурийг үндсэн дөрвөн кластер болгон авч үзэж болно.

Нэгдүгээрт засаглал. Оролцоонд суурилсан, өргөн хүрээний төлөөллийг хангасан засаглал хэрэгтэй. Иргэний нийгмийн байгууллагууд НҮБ-ын конвенцын бүхий л түвшин үе шатанд, тэр дундаа шийдвэр гаргах үйл явцад бодитоор оролцох ёстой. Хоёрдугаарт газар, ус болон ган гачигт тэсвэртэй байдал. Эдгээр асуудлыг шийдвэрлэхдээ дээрээс доош чиглэсэн арга барилаас илүү оролцоонд суурилсан, орон нутгийн хэрэгцээ, мэдлэгт тулгуурласан арга барил руу шилжих шаардлагатай. Үүнд хөрсний эрүүл мэнд, усны тогтвортой менежмент, хуурайшилт болон ган гачигт тэсвэртэй байдлыг хангах асуудал багтана. Гуравдугаарт уур амьсгал болон байгаль орчны асуудлуудыг уялдаа холбоотой авч үзэх. Газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, ус, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлыг нэгдмэл байдлаар шийдвэрлэх нь чухал. Дөрөвдүгээрт, хүртээмжтэй, найдвартай санхүүжилт. Санхүүжилт нь зөвхөн олон улсын болон үндэсний түвшинд төвлөрөх бус, орон нутгийн иргэдийн санаачилсан үйл ажиллагаа, шийдэлд хүрэх боломжтой байх ёстой. Орон нутгийн иргэдийн санаачилга, мэдлэг, оролцоог дэмжсэн санхүүжилтийн тогтолцоог бий болгох шаардлагатай. Эцэст нь, COP17-гийн хүрээнд дэвшүүлж буй зорилго, амлалтуудыг бодит газар дээр хэрэгжүүлэх нь хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, зөвхөн зорилго тодорхойлж, амлалт өгөхөөс гадна түүнийг орон нутагт бодит үр дүн болгон хэрэгжүүлэх механизм, санхүүжилт, оролцоог зэрэг хангах шаардлагатай.

Таван бүс нутгийн төлөөлөл COP17-д дэвшүүлэх иргэний нийгмийн тэргүүлэх чиглэлийг танилцуулав

Эллен Отару-Окоэдион – (Африк):

-Өнөөдөр бид НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд цуглараад байна. Цөлжилт болон газрын доройтол, ган гачигтай холбоотой асуудлыг олон улсын түвшинд ярихаас өмнө Иргэний нийгмийн байгууллагууд ярьсаар ирсэн. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц нь иргэний нийгмийн байгууллагуудыг хамгийн чухал түншээ гэж үзсээр ирсэн. Бид зөвхөн ажиглагч биш юм. Бид хэрэгжилтийн түншүүд, хувь нэмрээ оруулагч нар юм. Орон нутагт суурилсан шийдлүүдэд бид өөрсдийн хувь нэмрийг оруулсаар ирсэн. Орчин цагт олон талт оролцоо, олон талт яриа чухал үүрэг гүйцэтгэх болно.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн