Ясмин Фуад: Эрүүл хөрс, бэлчээрт, хүний төлөө төвлөрсөн зүйлд хөрөнгө оруулах нь чухал байна

“Бид эрүүл хөрс, бэлчээрт, хүний төлөө төвлөрсөн зүйлд хөрөнгө оруулахад анхаарах хэрэгтэй. Эдгээрт шалгуур тавьж, хэрэгжүүлэх механизм байх ёстой. Цаасан дээр бичээд өнгөрөх бус хамтран хэрэгжүүлэх шаардлагатай. Учир нь газар бол ус, хүнсний аюулгүй байдалд гол үүрэгтэй. Үүнд хэвлэл мэдээллийн үүрэг чухлыг Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, доктор Ясмин Фуад өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр тэмдэглэв.

Тэрбээр СОР17 нь “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор болж буйгаараа онцлог болохыг тодотгоод, “Монгол Улсын Засгийн газар, БОУАӨ-ийн сайд СОР17-г зохион байгуулахад хичээл зүтгэл гаргаж, сонирхолтой эхлэл тавьсанд талархаж буйгаа илэрхийлье. Монголын газар нутгийн 77 хувь нь доройтож, эдийн засаг, хүн ам нь бэлчээрээс ихээхэн хамаарч байна. НҮБ-ын конвенцын Талууд, бусад зохион байгуулагч бэлчээр, мал аж ахуйн асуудлыг чухалчилсан. Дэлхийн 100 орчим орон тунхагаа гаргаж, малчдын тэргүүлэх чиглэлийг тодорхойллоо. СОР16-гийн хувьд үр дүнд хүрсэн. Санхүүжилт, хөдөө аж ахуйн тухай ярихад хувийн хэвшлийг оролцуулж, шийдвэрээ бодитой хэрэгжүүлэх нь чухал байна. Газрын доройтол нь хүний үйл ажиллагаатай холбоотой. Газрыг хэтрүүлэн ашигласнаар дэлхийн газар нутгийн 40 хувь нь доройтоод байна” гэсэн юм.

Улаанбаатар хотноо энэ сарын 17-28-нд болох СОР17 хурлаар 190 гаруй орны төлөөлөгч цөлжилт, газрын доройтол, ган, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны сорилт, тэдгээрийг шийдэх, давж гарах арга замыг хэлэлцэж байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн