Сүхбаатар, 2026 оны наймдугаар сарын 14, //. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг нь галт уулын тогтоц, элсэн тархмал, нуур, тал хээр, ус намгархаг орчин, түүх соёлын дурсгал хосолсон бүс нутаг юм.

Энэ бүсэд Ганга нуур, Молцог элс, Алтан овоо, Дуут нуур, Шилийн Богд, Хөргийн хөндий, Талын агуй зэрэг байгаль, түүх соёлын үнэ цэнтэй газрууд багтдаг.

Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа эдгээр газар нутгийн унаган төрх, биологийн олон янз байдал, ховор амьтан ургамал, ус намгархаг орчин, түүх соёлын дурсгалыг хамгаалах чиг үүрэгтэй ажиллаж байна.

Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын арга хэмжээ үе шаттай өргөжиж иржээ. Анх Ганга нуур орчмын газар нутгийг анх 1993 онд дурсгалт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан.

Харин 2004 онд Алтан овоо, Молцог элс, Ганга нуур орчмын газрын зэрэглэлийг дээшлүүлж, байгалийн цогцолборт газрын ангилалд хамруулжээ. Хамгийн сүүлд 2019 онд Шилийн Богд, Хөргийн хөндий орчмын газар нутгийг тус хамгаалалтын захиргааны хамгаалалтад багтаажээ.
“2005 онд байгуулагдсан Дарьгангын байгалийн цогцолборт газар нь Сүхбаатар аймгийн Дарьганга, Наран, Эрдэнэцагаан, асгат зэрэг сумын 367.2 мянган га газар нутгийг хариуцан хамгаалж байна. Манай захиргааны хамгаалалтын гол арга бол аливаа газар нутгийг хүний нөлөөллөөс чөлөөлж хамгаалдаг. Шаардлагатай газар нутгуудыг хашиж хамгаалдаг. Ингэснээр байгаль дахин сэргэж, уугуул төрхөө олж, ховор өвс ургамал шинээр ургаж, өмнө нь ховордож, устаж мөхөхийн ирмэгт ирээд байсан ан амьтад байгалийнхаа жамаар өсөж үржиж байна” хэмээн Дарьгангын байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны дарга Дамдингийн Ариунцэцэг танилцууллаа.

Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны өнгөрсөн 20 гаруй жилийн хамгааллын ажлын хамгийн сүүлийн үеийн бодит жишээ бохирдож, ширгэж мөхлийн ирээд байсан Ганга нуурыг дахин сэргээсэн ажил юм. Энэ ажлыг 2019 онд Засгийн газрын дэмжлэгээр эхлүүлж, өнгөрсөн 7 жилд авч хэрэгжүүлсэн хамгаалалтын олон арга хэмжээний үр дүнд Ганга нуур дахин сэргэж, өдгөө нуур хамгааллын бодит туршлага, монгол загвар хэмээн үнэлэгдэж байна. Өдгөө нуурын эргэн тойрныг бэлчээрийн мал орохоос хамгаалж 16 км хашаалж, иргэдийн ая тухай амарч зугаалах, шувуу ажиглахад зориулан тохижуулалт хийжээ.

Д.Ариунцэцэг, Ганга нуур уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн даацын хэт их ачаалал, олон жилийн бохирдлоос болоод 2018 он гэхэд татарч ширгэн жижигхэн тогтоол болсон. Хамгийн гол бохирдуулагч нь энэ бүс нутагт нутагладаг малчин айлуудын мал байсан. Тиймээс бидний хамгийн эхний арга хэмжээ нуурыг малаас хамгаалан хашаалж, нуурын орчимд нутагладаг малчин өрхүүдийг худагжуулах ажил байсан. Эхэндээ малчид эсэргүүцсэн. Гэвч айл өрхүүдэд учир байдлыг ойлгуулж, хүн, мал ундаалах цэвэр усны худаг гаргаж өгснөөр энэ асуудал намжсан. Одоо бол сэргэж, хуучин төрхөндөө орсон Ганга нуураа хараад нутгийн иргэд хамгаалалт зөв байсныг хүлээн зөвшөөрч, ширгэж устахад хүрч буй бусад нуур, голыг хамгаалахыг хүсдэг болсон гэв.

Монголын зүүн өмнөд хязгаарт элсэн дунд тогтсон Ганга нуур нь Дарьгангын ус намгархаг газрын гол цөм, нүүдлийн шувуудын буудаллах орчин, Молцог элсний экосистемтэй шууд холбоотой эмзэг тогтолцоо. Хамгийн гол нь нүүдлийн шувуудын амьдрах, дамжин өнгөрөх гол экосистем юм. Энэ агуулгаараа 1998 онд Рамсарын конвенцид бүртгэгдсэн.

“Дарьгангын байгалийн цогцолборт газрын хэмжээнд 220 орчим, Ганга нуурт 198 төрөл зүйлийн шувуу байдаг. Ганга нуурын ус татарч, орчны экосистем доройтох үед шувууд нь хүртэл цөөрсөн. Нуур сэргэснээр дахин шувууд чуулдаг газар болсон. Ганга нуур бол Монгол Улсын томоохон гол мөрнүүдэд зуссан хун шувууд намар цуглараад буцдаг онцлогтой нуур. Энд жил бүрийн намар хамгийн олон хун шувуу цугларч, хунгийн чуулган болдог. Сүүлийн жилүүдийн ажиглалтаар жилд ойролцоогоор 7000 хун шувуу намартаа цуглаж чуулган үүсгэж байна. Тэгээд нэг л өглөө дулаан орныг зорьдог доо” гэж Дарьгангын байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааны судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Дашренчин ярив.

Нуурын орчны элсний нүүдлийг сааруулах, ургамлын бүрхэвчийг сэргээх чиглэлээр өмнө нь судлаачид олон жил янз бүрийн туршилт хийсэн байна. Ганга нуурын эрэг орчим, Молцог элсэнд 1990-ээд оноос хойш удаа дараа мод тарьж байсан ч ургаагүй аж. Харин байгалийн нөхцөл, бэлчээрийн даацыг тооцсон хамгаалалтын шийдэл хэрэгжиж эхэлснээр Молцог элсний орчин жилээс жилд өөрөө нөхөн сэргэж, Ганга нуурын өмнөд эргээр байгалийн жамаараа ойн зурвас бий болжээ. Дарьганга, Онгон, Наран сумдын 248 ам.дөрвөлжин км талбайг эзлэн оршдог элсэн манхан Молцог элсний Ганга нуурын орчим ийнхүү ойжиж, ургамлын шинэ бүтэцтэй болж байна.

Дарьгангын байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа хог хаягдлын асуудалтай өвөрмөц аргаар тэмцдэг. Тусгай хамгаалалттай газар нутагт төвлөрсөн хогийн цэг үүсгэхээс татгалзаж, хогийн цэг, сав зэргийг байрлуулахгүй, ялгаж ангилсан хогоо пресслэж дахин ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлийг баримталж байна. Нөгөөтээгүүр, байгаль хамгаалагчид өдөр тутам хяналт тавьж, аялагч, иргэдэд мэдээлэл өгч ажилласнаар хоггүй орчин бүрдүүлэх бүрэн боломжтойг харуулж байна.

Сүүлийн жилүүдэд Ганга нуурын орчин сэргэж, тохижилт хийгдэхийн хэрээр иргэдийн хандлага өөрчлөгдөж, байгальд хүндэтгэлтэй хандаж, хог хаях нь багасаж байгааг ажигласнаа Дарьгангын байгалийн цогцолборт газрын Ганга нуур орчмын байгаль хамгаалагч Я.Нямдорж хэллээ.

Дарьгангын байгалийн цогцолборт газрын Алтан овоо, Дуут нуур орчмын байгаль хамгаалагч Э.Өлзийбаатар бол анх 2005 онд хамгаалалтын захиргаа байгуулагдахад малчин амьдралын хэмнэлээ байгаль хамгаалагчийн ажилд шилжүүлж, энэ бүс нутагт анхны 12 км хашаа барихад оролцож, хамгаалалтын ажлаа эхэлсэн нэгэн. Түүнээс хойш 21 дэх жилдээ ажиллаж байна.

Тэрбээр, Ганга нуурыг сэргээн хамгаалах төсөл хэрэгжихээс өмнө Дарьгангын байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа Алтан овоо, Дуут нуур орчмын байгалийг хашаалж хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлсэн. Тэр үед энэ бүсэд элсний нүүдэл болж, цөлжиж, бэлчээрийн даац хэтрэн, Дуут нуурын ус татраад бодитоор экологийн аюул заналхийлэл үүссэн байсан.

Сумын төвийн амьдралд хүртэл элсний нүүдэл нөлөөлөх хэмжээнд хүрсэн байсан. Алтан овоо, Дуут нуурын орчмыг хашаалснаар хүн, малын санаатай болон санамсаргүй “сүйтгэл” хумигдаж, хэдхэн жилд байгаль нөхөн сэргэж, элсний нүүдэл зогссон. Энд анх авч хэрэгжүүлсэн хамгаалалтын арга хэмжээ хожим Ганга нуурыг хамгаалах ажилд туршлага болсон гэв.

Ийнхүү Дарьганга нутаг хамгаалагдсанаар, энэ бүс нутагт өвс, ургамал дахин сэргэж, элсний нүүдэл зогсож, ан, амьтдын амьдрах орчин тогтворжиж, тоо толгой нэмэгдэх боломж бүрдэж байна.

Түүний нэг тод жишээ нь Дарьгангын байгалийн цогцолборт газрын Нарт ууланд 2000 оны эхээр гурван аргаль байсан бол хамгаалалтын ажлын үр дүнд өдгөө тоо толгой 70 орчимд хүрч өссөн байна.
Түүнчлэн Шилийн Богд, Алтан овоо, Дуут нуур орчимд ч ан амьтан нутагших, тоо толгой нэмэгдэх, өсөж үржих болсныг байгаль хамгаалагчид онцолж байна.

“Шилийн Богд уулын орчимд 7 байршилд 3000 орчим тарвагатай болсон. Сүүлийн жилүүдэд тарваганы тоо толгой улам нэмэгдэж байна” хэмээн Дарьгангын байгалийн цогцолборт газрын Шилийн богд орчмын байгаль хамгаалагч Г.Мөнхболд бидэнтэй уулзахдаа хэлэв.

Төрийн бодлого, орон нутгийн оролцоо, байгаль хамгаалагчдын өдөр тутмын хяналт, судалгаа шинжилгээ, хамгаалалтын шат дараатай арга хэмжээгээр байгалийг сэргээж болдгийг харуулсан бодит жишээ бол Ганга нуурын сэргэлт болжээ.

Өдгөө энэ туршлага “Нуур хамгааллын Монгол загвар” хэмээн үнэлэгдэж, 2026 оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 хурлын хүрээнд танилцуулах сэдвийн нэгээр төлөвлөгдөж байна.
