ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 14 /Kazinform/. Нисгэгчгүй нисдэг аппаратууд ба тэдгээрийн эд ангиудад ногдуулах импортын татварыг 100 хувь болгон өсгөж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгджээ.
Энэ нь одоогоор Хятад улсын давамгайлдаг дрон үйлдвэрлэлийн салбарт АНУ импортоос хамаарч буй байдлыг багасгах зорилготой гэж Newsmax цахим хуудсанд бичсэнийг эш татан Kazinform агентлаг мэдээллээ.
Тодруулбал, 25 кг-аас дээш жинтэй, дулаан мэдрэгч камертай, холбогч станцтай дронд 100 хувийн татвар, бага оврын дронд 25 хувийн татвар ногдуулахаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийг үндэсний аюулгүй байдлын эрх ашгийн үүднээс гаргасан бөгөөд уг татвар нь дроны дотоодын үйлдвэрлэлийг дэмжсэнээр гадаад орнуудаас хамааралт байдлыг багасгана гэдгийг Д.Трамп дурдлаа.
Шинээр ногдуулсан татвар 9 дүгээр сарын 3-наас үйлчилж эхэлнэ.
АНУ-ын харилцаа холбооны комисс өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдэхдээ, гадаадад үйлдвэрлэсэн дронууд нь тус улсын нутаг дэвсгэрт ажиглалт хийж, хөнөөлт ажиллагаа явуулж болзошгүй гэж анхааруулж байжээ. Зарим мэдээллээр, 2006 онд байгуулагдсан Хятадын DJI компани өдгөө дроны дэлхийн зах зээлийн 2/3-ыг эзэлсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Вашингтоны зүгээс тус компанийг анхааралтай ажиглаж байгаа юм. 2022 онд DJI-г Хятадын зэвсэгт хүчинтэй холбоотой компаниудын жагсаалтад оруулсан бөгөөд Хятадын үндэсний цөөнхийг хянах зориулалттай дрон үйлдвэрлэдэг хэмээн Америкийн эрх баригчид буруутгажээ. Харин тус компанийн зүгээс зэвсэгт хүчний хяналтад байдаггүй гэдгээ мэдэгдсэн байна.
АНУ-д дрон нийлүүлэхийг хязгаарлах тухайгаа Хятадын тал өнгөрсөн долоо хоногт мэдэгджээ.