Америкийн цэргүүд Колумбийн нутагт тусгай ажиллагаа явуулна

ПАНАМ, 2026 оны наймдугаар сарын 14 /Euronews/. Хар тамхины наймаа, хар тамхины терроризмын эсрэг цэргийн тусгай ажиллагааг нутаг дэвсгэртээ явуулахыг Колумбийн эрх баригчид АНУ-д зөвшөөрчээ.

Панам улсад болсон Хар тамхины картельтай тэмцэх Америк тивийн орнуудын эвслийн /Americas Counter-Cartel Coalition/ ээлжит хуралдааны үеэр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет энэ тухай мэдэгдсэн байна.

Уг эвсэл нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын санаачилгаар байгуулагдсан бөгөөд бүс нутгийн 19 улс, тэдгээрийн дотор Аргентин, Сальвадор, Эквадор, Хондурасыг эгнээндээ нэгтгэдэг.

Колумбийн дээрх шийдвэр нь тус улсын аюулгүй байдлын бодлогод томоохон өөрчлөлт гарч буйг илтгэж байна. Боготагийн эрх баригчид өмнөх ерөнхийлөгч Густаво Петрогийн баримталж байсан “нийтийг хамарсан энх тайван”-ы бодлогоос аажмаар татгалзаж, хар тамхины наймааны эсрэг хатуу аргаар тэмцэхээр шийджээ.

Өмнө нь мэдээлснээр, хар тамхины мафитай тэмцэхэд нь зориулж АНУ-аас Колумбид 1 тэрбум доллар олгохоор болсон байна.

Сануулан дурдахад, 6 дугаар сарын 21-нд болсон ерөнхийлөгчийн сонгуульд барууны үзэл баримтлалтай нэр дэвшигч Абелардо де ла Эсприелья ялсныг Колумбийн сонгуулийн хороо албан ёсоор зарласан билээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн