ВАРШАВ, 2026 оны долоодугаар сарын 30 /Reuters/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск нар лхагва гарагт уулзах үеэрээ батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа, хоёр талын харилцаанд сэв суулгаад байгаа түүхийн асуудлууд болон Польш дахь украин дүрвэгсдийн аюулгүй байдлын талаар хэлэлцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Вашингтонд уулзсаныхаа дараа буцах замдаа Польшийн зүүн өмнөд нутгийн Люблин хотод саатсан В.Зеленский хэлэхдээ, АНУ-д хийсэн айлчлалынхаа үр дүн болон Украины хувьд онцгой чухал асуудал болоод байгаа Оросын пуужингийн хүчтэй цохилтоос хамгаалах, тэр дундаа баллистик пуужингаас хамгаалах зэвсгийн талаар Д.Тусктай ярилцсан гэжээ.
Telegram сувагт нийтэлсэн дүрс бичлэгт хоёр удирдагч бусад албаны хүмүүсийн хамт ширээний ард инээмсэглэн ярилцаж буй нь харагдана.
Уулзалтын үеэр “В.Зеленскийн АНУ-д хийсэн айлчлалын үр дүн, мөн Польш, Украин, цаашлаад Европын аюулгүй байдлын асуудлыг хэлэлцсэн” гэж Д.Туск X нийгмийн сүлжээнийн хуудсандаа бичсэн байна.
В.Зеленский мөн сүүлийн саруудад Варшав, Киев хоёрын хооронд маргаан үүсгээд байгаа Дэлхийн II дайны үйл явдлуудтай холбоотой “түүхийн яриа хэлэлцээ” хийсэн гэж мэдэгджээ.
В.Зеленский армийнхаа нэгэн анги нэгтгэлийг Украины үндсэрхэг үзэлт зэвсэгт бүлэглэл болох “Украины босогчдын арми”-ийн нэрэмжит болгосноор уг маргаан дээд цэгтээ хүрсэн юм. Уг бүлэглэл нь Германы түрэмгийлэгчид болон Зөвлөлтийн армитай тулалдаж байснаараа Украинд олон хүний хүндэтгэлийг хүлээдэг бол дайны үеэр польш хүмүүсийг олноор нь хорооход оролцож байсан тул Польшид ихэд үзэн яддаг байна.
Өнгөрсөн зургаадугаар сард Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцки энэ маргааны улмаас В.Зеленскийд хүртээсэн төрийн дээд шагналыг хураан авсан юм. Үүний дараа В.Зеленский тухайн үеийн олноор хөнөөсөн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг өргөжүүлнэ гэж амлажээ.
Хоёр удирдагч түүнчлэн дайны улмаас эх орноосоо дүрвэж Польшид орогнож буй украинчуудын аюулгүй байдалтай холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна.
Сүүлийн саруудад Польшийн хэд хэдэн хотод Украины дүрвэгсдийн эсрэг үзэн ядалтын шинжтэй гэмт хэрэг нэмэгдэх болсон байна. Дайны эхэн үед дүрвэгсдийг хүлээн авч байсан хандлага нь олон тооны дүрвэгсдийн улмаас аажмаар өөрчлөгдөж байгааг ажиглагчид онцолжээ.
Мягмар гарагт Д.Туск украинчууд руу халдахаа зогсоохыг уриалсан байна. Тэрбээр Вроцлав хотод гурван польш иргэн украин эрэгтэй болон түүний найз бүсгүйг зодож буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тарсны дараа ийм мэдэгдэл хийжээ. Халдагчдын хоёрыг даваа гарагт баривчилсан байна.