Азийн хөгжлийн банктай боловсролын салбарын шинэчлэл, хамтын ажиллагааны талаар санал солилцов

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон Жон Жүхёнь Жонтой уулзаж, албан тушаалдаа томилогдсоныхоо дараах анхны албан уулзалтаа Боловсролын яамнаас эхлүүлэн, боловсролын салбарыг тэргүүлэх чиглэл болгон анхаарч байгаад талархал илэрхийллээ.

Уулзалтаар боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, хот, хөдөөгийн боловсролын ялгааг бууруулах, багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургуулийн менежмент, үнэлгээний тогтолцоог сайжруулах, боловсролын салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй шинэчлэлийн талаар танилцуулсан байна.

Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын чанар, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн ур чадварын тогтолцоог бэхжүүлэх, ерөнхий боловсролын түвшинд шинжлэх ухаан, технологийн боловсрол, инновацын сургалтын орчныг хөгжүүлэх, сургууль, дотуур байрны орчинд жендерт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, суралцагчдад үзүүлэх хамгаалал, дэмжлэгийн тогтолцоог сайжруулах асуудлыг ярилцав.

Түүнчлэн боловсролын салбарын хоёр дахь нэмэлт санхүүжилтийн 130 сая ам.долларын төслийн зээлийн гэрээг энэ оны 9 дүгээр сард Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийх айлчлалын үеэр эцэслэн байгуулж, гарын үсэг зурахыг Монголын тал хүлээлттэй байгаагаа илэрхийллээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн