, 2026 оны наймдугаар сарын 10Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол судлал: Уламжлал ба орчин үе” сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII их хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.

Тус их хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж хэлэхдээ, “Монгол орон, монгол түмний угсаа гарал, үүх түүх, хэл соёл, аж амьдралыг шинжлэх ухааны онол, арга зүйгээр судлан шинжилж, үнэн бодитой мэдлэг мэдээллийг дэлхий дахинд түгээж, Монгол хэмээх нэрийг ертөнцийн чихнээ дуурсгаж, монголчууд биднийг гадаад ертөнцтэй холбох эрдмийн элч болдог эрхэм хүндэт та бүхэнд Монгол төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Дэлхийн амар амгаланг төвшитгөж явсан монголчууд бидний өвөг дээдсийн өнө эртний бахдам түүх, баатарлаг гавьяа нь монгол судлаач та бүхний судалгаа шинжилгээний үр дүнд улам бүр тодорч, цадиг түүх, түүхэн эх сурвалж улам бүр арвижсаар байгааг онцлон тэмдэглэхэд баяртай байна.
Эрт үеэс эдүгээ хүртэлх дэлхийн түүхэнд монгол үндэстний үлдээсэн ул мөр, хүн төрөлхтний соёлын далайд бүтээсэн үнэт өвийг нээн илрүүлэх, судлан шинжлэх үйлсэд оюун ухаан, сэтгэл зүрх, хөдөлмөр зүтгэлээ зориулан хүчин зүтгэж ирсэн эрдэмтэн судлаачдыг бүх талаар дэмжиж, монгол судлалыг өргөжүүлэн хөгжүүлэх нь монгол төрийн эрхэм үүрэг байсаар ирсэн” хэмээн онцлов.
Ерөнхийлөгч цааш хэлэхдээ, “Монгол судлалын уламжлалт салбар чиглэлийг өргөтгөн хөгжүүлж, судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлэх, олон улсын болон бүс нутгийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Ялангуяа залуу монгол судлаачдыг бэлтгэн төлөвшүүлэх, олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх, үе үеийн эрдэмтдийн мэдлэг туршлагыг өвлүүлэх нь монгол судлалын ирээдүйн хөгжил, тогтвортой байдлын баталгаа байх болно. Мөн хиймэл оюун, их өгөгдөл, дижитал архив, цахим мэдээллийн сан зэрэг шинжлэх ухаан, технологийн дэвшил нь монгол судлалын хөгжилд шинэ боломжуудыг нээж байна. Тиймээс монгол хэл бичиг, түүх соёлын үнэт өв, эх сурвалж, түүхэн баримтыг цахимжуулах, олон улсын судалгааны эргэлтэд оруулах, нээлттэй мэдээллийн сан бий болгох чиглэлд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь нэн чухал.
Үүнд эрхэм хүндэт монгол судлаачид та бүхний санал санаачилга, зөвлөмж, идэвхтэй хамтын ажиллагаа нэн чухал болохыг Монгол төрийн тэргүүн онцлон тэмдэглэж байна. Тиймээс Монгол Улс дэлхийн монгол судлалын төвийн хувьд монгол судлалыг эрчимжүүлэн хөгжүүлэх, судалгааны байгууллага, судлаачдын үйл ажиллагааг дэмжих хүрээнд тууштай, тогтвортой бодлого хэрэгжүүлж, монгол судлаачидтай нягт хамтран ажиллаж, бүхий л талаар дэмжих болно” гэлээ.
Олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг зохион байгуулах хорооны дарга Ж.Энхбаяр тус үеэр хэлэхдээ, “Монгол Улс үндэсний аюулгүй байдал, үзэл баримтлалдаа үндэсний хэл, түүх соёл, уламжлал, өв соёлоо хамгаалах, судлах, хөгжүүлэх үйл ажиллагааг тэргүүлэх зорилтын нэг болгон тодорхойлсон юм. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол судлалыг дэмжих санг байгуулж, УИХ-ын шийдвэрээр Монгол судлалын үндэсний зөвлөлийг байгуулсан нь энэхүү салбарын бодлого, зохион байгуулалт, санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэхэд чухал алхам болсон юм.
Түүнчлэн Засгийн газраас монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлснээр судалгаа, сургалт, сурталчилгаа, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх бодит боломж бүрдэж, дараах үр дүн гарсан байна. Үүнд, дэлхийн олон орны их сургуульд эрдэм шинжилгээний байгууллагад монгол судлалын төвийг шинээр байгуулж, зарим нь үйл ажиллагаагаа сэргээсэн. Дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрсэн. Залуу монгол судлаачдын шинэ үе төлөвшин бий болсон. Суурь судалгааны томоохон бүтээлүүд хэвлэгдэж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны үр өгөөж мэдэгдэхүйц нэмэгдсэн. Эдгээр ололт амжилт нь төрөөс баримталж ирсэн бодлогын үр дүн төдийгүй та бүхний олон жилийн уйгагүй хөдөлмөр, эрдэм судлалын үнэтэй хувь нэмрийн тод илэрхийлэл юм” хэмээн тэмдэглэв.
Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхийлөгч Юки Конагая уг үеэрх мэндчилгээндээ, “Ковид-19 цар тахлын улмаас долоон жилийн дараа 2023 оны наймдугаар сард зохион байгуулсан их хурлаараа тус холбоо ажлын албаны бүтэц, зохион байгуулалтаа шинэчлэн хэлэлцэж, их хурлыг таван жилд нэг удаа болдог байсныг гурван жилд нэг удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шинэчлэлийн дагуу олон улсын монголч эрдэмтний XIII их хурлыг зохион байгуулж байгаагаараа онцлог болж байна. Монгол судлал өнөөдөр дэлхийн олон бүс нутаг, улс оронд цэцэглэн хөгжиж байна. Гучаад гаруй орны 600-гаад эрдэмтэн судлаач цугларсан энэ удаагийн их хурлаас эв нэгдэл, түүх соёл, өв уламжлалаа дээдлэхийг уриалсан мэргэн шийдлийг гаргана гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
ШУА-ийн Ерөнхийлөгч С.Дэмбэрэл мөн мэндчилгээндээ, “Эдүгээгээс 70 гаруй жилийн тэртээ буюу дэлхийн монголч эрдэмтэд нэгэн дээвэр дор хуран чуулах боломж хараахан бүрдээгүй байсан тэр цаг үед Монголын шинжлэх ухаан, дээд боловсролын хүрээлэн уг нөхцөл байдлыг соргогоор мэдэрч, олон улсын хэмжээний эрдэм шинжилгээний их хурал зохион байгуулах санаачилгыг гаргасан нь монгол судлалын шинэ үеийг эхлүүлсэн түүхэн шийдвэр болсон юм. 1959 онд Улаанбаатар хотноо болсон Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурал нь олон улсын монгол судлалын институцын хөгжлийн түүхэн эхлэл билээ. Энэ завшааныг ашиглан монгол судлалын хөгжлийн талаарх дараах гурван санааг та бүхэндээ хүргэе.
Нэгдүгээрт, монгол судлалын амжилтын үндэс нь бид бүгдийн бүтээлч хамтын ажиллагаа болно. Хоёрдугаарт, монгол судлалын ирээдүй нь та бидний залгамж халаа залуу монгол судлаачид юм. Гуравдугаарт, монгол судлал ба судалгааны шинэ хандлага өнөөдөр хүн төрөлхтний ирээдүйн хөгжлийг хиймэл оюун ухаан, их өгөгдөл, шинжлэх ухаан, технологийн дэвшил, инновацлаг шийдлээс ангидаар төсөөлөх боломжгүй боллоо. Тиймийн учир монгол судлалын их өгөгдөл, дижитал платформыг хамтран бий болгох саналыг дэвшүүлж байна. Судалгаа шинжилгээндээ шинжлэх ухаан, технологи, инновацын шинэ арга зүй, хандлагыг нэвтрүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хиймэл оюуны эрх зүйн зохицуулалт, ёс зүйг сахиж, соёлын олон янз байдлыг хамгаалан, харилцан ойлголцол, хүндэтгэлийг удирдлага болгон шинэ дэвшилт арга зүйг ашиглан, хамтран ажиллацгаая” хэмээн уриалсан юм.
Монголч эрдэмтний XIII их хурлыг Олон улсын монгол судлалын холбоо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эдийн засаг, хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Боловсролын яам, Архивын ерөнхий газар, ШУА, “Чингис хаан” үндэсний музей, МУИС, МУБИС, СУИС хамтран зохион байгуулж байна. Энэ сарын 13-ныг хүртэл үргэлжлэх тус их хурал нь “Чингис хаан” үндэсний музей, МУИС-ийн хичээлийн I, II байр болон тус сургуулийн Монгол-Японы төв, номын сан, Багш, оюутны хөгжлийн төвд болох салбар хуралдаанаар үргэлжилж, монгол хэл, археологи, соёл, урлаг, утга зохиол, угсаатны зүй, уламжлалт мэдлэг ухаан, Монголын орчин үеийн нийгэм, гадаад харилцаа судлалын талаар 530 гаруй илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
Одоогоос 67 жилийн тэртээ 1959 онд Олон улсын монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, 15 орны 40 гаруй эрдэмтэн оролцсон түүхтэй. Энэхүү олон улсын хурал цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр агуулга, цар хүрээгээ тэлсэн байна. Өнгөрсөн 12 удаагийн их хуралд нийт 60 гаруй орны 4000 орчим эрдэмтэн судлаач оролцож, монгол хэл шинжлэл, түүх, археологи, антропологи, угсаатны зүй, шашин, соёл, олон улсын харилцаа судлал зэрэг 20 гаруй чиглэлээр 3000 гаруй илтгэл хэлэлцжээ.




