Алхалтын ач тусын талаар Монголын явган алхалтын холбооны тэргүүн Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.
-Манай улсад эрүүл мэндийн салбарын ачаалал ихэссэнийг та хүн амын дунд өвчлөл нэмэгдсэнээс үүдэлтэй гэдэгтэй санал нийлэх үү?
-Монгол Улс халдварт бус өвчний томоохон сорилттой нүүр тулж байна. ЭМЯ, ҮСХ-ны мэдээлснээр, хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан нь зүрх, судасны өвчин эзэлж, хавдар, осол гэмтэл, амьсгалын өвчин удаалж байна. Мөн дэлхийн олон орны дунд амиа хорлолтын түвшнээр дээгүүрт бичигддэг. Дээр нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал ч хурцаар тавигдах болсон. Жил бүр хэдэн зуун хүн амиа хорлодог бол үүнээс хэд дахин их хүн амиа хорлохыг завдаж, оролдлого хийдэг. Үүнд бухимдал, ажлын ачаалал, хотжилт, хөдөлгөөний дутагдал, өр, нийгмийн дарамт зэрэг хүчин зүйл нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл бид зөвхөн өвчнийг эмчлэх тухай бус өвдөхөөс өмнө сэргийлэх үндэсний бодлогыг ярих цаг болжээ гэж боддог.
-Эрүүл амьдралын хэв маягийг алхалттай хэрхэн холбож ойлгох вэ?
-Хөдөлгөөний дутагдлыг нас баралтын тэргүүлэх эрсдэлт хүчин зүйлийн нэг гэж тодорхойлсон. Дэлхий даяар 1.8 тэрбум насанд хүрэгч хангалттай сайн хөдөлгөөн хийдэггүй статистик бий. Хэрэв энэ байдал үргэлжилбэл 2030 он гэхэд хөдөлгөөний дутагдал нь дэлхийн хүн амын 35 хувийг хамарна гэж ДЭМБ-аас анхааруулсан. Монгол Улс ч үүнээс ангид биш. Ихэнх нь суурин амьдралын хэв маягт шилжиж, авто машин унаж, хүүхдүүд дэлгэцийн өмнө, залуус ажлын байрандаа, ахмадууд гэртээ цагийг их өнгөрөөх болсон. Ингэснээр жин нэмэх, даралт ихсэх, чихрийн шижин, сэтгэл гутрал, бухимдал улам бүр нэмэгдэж байна. Харин алхалт бол энэ бүхний эсрэг хамгийн энгийн, маш сайн “эм” юм.

-Яагаад заавал алхалт гэж?
-Бүх спорт гайхамшигтай ч хүн бүр спортын клубт явж чадахгүй. Харин алхалт бол хүн бүрийн спорт. Учир нь тусгай хувцас, хэрэгсэл, ур чадвар, их зардал шаардахгүй. Нас, хүйс, хөгжлийн бэрхшээл, орлогоос үл хамаарах тул алхалт нь зөвхөн спорт биш, нийгмийн хамгийн хүртээмжтэй эрүүл мэндийн үйлчилгээ юм. Дэлхийн олон улс орон алхалтыг эрүүл мэнд, хот төлөвлөлт, байгаль орчин, боловсрол, аялал жуулчлалын бодлоготой уялдуулан хөгжүүлж байна. Иргэд нь алхдаг бол илүү эрүүл, аюулгүй, аз жаргалтай амьдардгийг олон хотын судалгаагаар баталсан байдаг.
-Алхахад бидэнд юу саад болж байна вэ?
-Явган хүний зам барих, мод тарих хоёр өөр ойлголт. Харин “алхахад ээлтэй хот” бий болгох нь өөр түвшний бодлого. Манай улсад “Үндэсний хэмжээний явган алхалтын бодлого” байхгүй. Алхах замын стандарт, тэмдэглэгээ, чанарын нэгдсэн тогтолцоо хангалтгүй. Иргэдийн өдөр тутмын алхалтыг дэмжих хот төлөвлөлтийн шийдэл ч цөөн. Ажлын байр, сургууль, төрийн байгууллагад алхахыг дэмжсэн соёл төлөвшөөгүй байна. Алхах нь эрүүл мэнд, хот байгуулалт, байгаль орчин, нийгмийн хөгжлийн асуудал юм шүү дээ.
-Тэгвэл ямар өөрчлөлт хэрэгтэй вэ?
-Алхах соёлыг төлөвшүүлж, өдөр бүр 30 минут алхах “Алхалтын хөдөлгөөн” өрнүүлэх хэрэгтэй. Ажилдаа алхаж очдог, амралтын өдрөөр гэр бүлээрээ алхдаг соёл хэрэгтэй. Хүүхдээ сургуульд нь алхаад хүргэдэг эцэг эх, ахмад настанд аюулгүй алхах орчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй явган замтай байж эрүүл үндэстнийг бий болгодог.

-Энэ бүхнийг төрийн бодлогод хэрхэн тусгаж, үр дүнд хүрэх вэ?
-Бид “Үндэсний алхалтын бодлого”-той болох цаг болсон. Энэ нь зөвхөн ЭМЯ-ны асуудал биш хот байгуулалт, зам тээвэр, боловсрол, соёл, байгаль орчин, аялал жуулчлалын салбарын яам болон орон нутгийн удирдлага хамтран хэрэгжүүлэх үндэсний хөдөлгөөн байх ёстой. Алхалтыг дэмжихэд зарцуулсан хөрөнгө бол зардал биш. Харин эрүүл мэндийн зардлыг багасгах, бүтээмжийг нэмэх, ирээдүйн эрүүл монгол хүнд хийж буй хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт юм. Бид эрүүл мэндийг эмнэлэг, эм тариагаар төсөөлөхөө болих хэрэгтэй. Эрүүл мэнд гудамжаас, явган хүний зам, ногоон байгууламж, өдөр бүр алхах эхэлдэг. Алхах соёлыг бий болгож чадвал эрүүл үндэстнийг бүтээнэ. Алхах нь хувь хүний сонголт гэхээс илүү төрийн бодлого байх ёстой учир “Алхалтын хувьсгал”-ыг эхлүүлэх цаг болсон гэж боддог юм.