Франц: Хэрэглэгчдийн зөвшөөрөлгүйгээр гар утас руу нь зарын шинжтэй дуудлага хийхийг хориглоно

ПАРИС, 2026 оны наймдугаар сарын 7 /Kazinform/. Тухайн хүн урьдчилан зөвшөөрөөгүй тохиолдолд түүний утсанд зар сурталчилгааны шинжтэй дуудлага хийхийг хориглох тухай шинэ журам энэ сарын 11-ний өдрөөс Франц улсад хэрэгжиж эхэлнэ. Зарын шинжтэй дуудлагын тоог цөөлөх, иргэдийг гар утасны маркетинг болон луйвраас хамгаалахын тулд ийм арга хэмжээ авч байгаагаа эрх баригчид мэдэгджээ.  

Хэдийгээр сүүлийн жилүүдэд хязгаарлалт хийсээр байгаа боловч гар утасны спам буюу хүсээгүй, хэрэгцээгүй мессеж илгээх явдал тус улсад асуудал үүсгэсээр байна. Иймээс Э.Макроны засгийн газраас гаргасан шинэ журмууд нь компаниудад тавих шаардлагыг эрс чангатгах юм. Өөрөөр хэлбэл, 11-ний өдрөөс эхлэн тухайн хүн мессеж хүлээн авахыг зөвшөөрсөн тохиолдолд компаниуд хэрэглэгчид рүү зарын шинжтэй мэдээлэл илгээх ёстой. Гэхдээ хэрэглэгчид эл зөвшөөрлөө хэдийд ч цуцалж болох гэнэ.

Францын эрх баригчдын үзэж байгаагаар, тус улсын иргэдийн 75 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа хүсээгүй, хэрэгцээгүй зарын шинжтэй дуудлага хүлээн авдаг байна. Иймээс 2024 оноос хойш хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах Францын 11 байгууллага ийм дуудлагыг бүрмөсөн зогсоох шаардлагыг тавьж эхэлжээ.

Шинэ журмыг зөрчсөн тохиолдолд хувь хүнийг 75 мянган еврогоор, компаниудыг 375 мянган еврогоор торгоно.

Ийм журам бусад улсад ч хэрэгждэг. Тухайлбал, хүсээгүй, хэрэгцээгүй зарын шинжтэй дуудлагыг Герман улсад 2009 оноос хойш зохицуулж ирсэн бол Нидерланд улсад хэрэглэгчид зөвшөөрөөгүй тохиолдолд зар сурталчилгааны шинжтэй саналыг тэдэнд тавихыг хориглосон байна. Мөн гар утас, суурин утасны маркетингаас татгалзах тогтолцоог АНУ, Канад, Их Британид хэдийн бий болгожээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн