АНУ-д ирж хүүхдээ төрүүлдэг үзэгдлийг хална

ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 7 /Kazinform/. Хүүхдээ Америкийн иргэншилтэй болгохын тулд АНУ-д ирж хүүхэд төрүүлэх зорилго бүхий “төрөлтийн аялал жуулчлал”-ыг хориглох тухай зарлигт тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп гарын үсэг зуржээ. Энэ тухай Цагаан ордны ажлын албаны дэд дарга Стивен Миллер мэдэгдсэн байна.

Ингэснээр хүүхэд төрүүлж Америкийн иргэншил авах эрхийг эдлэх боломжгүй хувь хүмүүсийн жагсаалт өргөжиж байна. Үүнд, АНУ-ын үндэсний аюулгүй байдалд заналхийлж болзошгүй гадаадын иргэд, гадаадын террорист байгууллагуудын гишүүд, түүнчлэн гадаад улсуудын ашиг сонирхолд үйлчилдэг хувь хүмүүс багтжээ.  

Ийнхүү холбооны улсын хэмжээнд “төрөлтийн аялал жуулчлал”-ыг хориглосон заалт бүхий зарлигийг анх удаа гаргаж байна. Энэ нь аяллын үеэр АНУ-д төрсөн хүүхдүүд Америкийн иргэншилтэй болдог байсныг бүрмөсөн хааж байгаа юм. С.Миллер үүнийг “түүхэн шийдвэр” гэж нэрлээд, хангалттай үндэслэлгүйгээр иргэншил олгодог байдлыг халж байна гэлээ.

Сануулан дурдахад, зарим виз мэдүүлэгчийн хувьд АНУ-ын визний барьцаа 250 мянган ам.доллар болж нэмэгдсэн билээ. Мөн аялал жуулчлалын ба ажил хэргийн В ангиллын визний барьцаа 20 мянган ам.доллар болж нэмэгдсэнээс гадна 75 улсын иргэдэд цагаачлалын виз олгохыг түр зогсоосон юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн