Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

ПОРТ-О-ПРЕНС, 2026 оны долоодугаар сарын 28 /Reuters/. Хаитийн Сонгуулийн түр зөвлөл тус улсад сүүлийн арван жилд анх удаа зохион байгуулах ерөнхийлөгчийн сонгуулийг 12 дугаар сард, дахин сонгууль хийх шаардлагатай бол хоёр дахь шатыг хоёрдугаар сард явуулахаар товлосон байна. Өмнө нь сонгуулийг наймдугаар сард, хоёр дахь шатыг 12 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөж байсан боловч аюулгүй байдлын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлуулжээ.

Хаитид 2016 оноос хойш сонгууль явуулаагүй юм. Тус улсын сүүлчийн Ерөнхийлөгч Жовенель Моиз 2021 онд сонгуулийг хойшлуулсны дараа халдлагад өртөн амиа алджээ. Үүнээс хойш байгуулагдсан засгийн газрууд сонгууль зохион байгуулах үүрэг хүлээсэн боловч нөлөө бүхий зэвсэгт бүлэглэлүүдтэй хийж буй мөргөлдөөн аюулгүй байдлыг алдагдуулж, сонгуулийг явуулах боломжгүй болгож байна хэмээн мэдэгдсээр иржээ. 

Сонгуулийн түр зөвлөлөөс нийтэлсэн хуваарийн дагуу ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулийн эхний шатыг 12 дугаар сарын 13-нд, шаардлагатай бол хоёр дахь шатны санал хураалтыг хоёрдугаар сарын 21-нд явуулна. Сонгуулийн эцсийн дүнг гуравдугаар сарын 7-нд албан ёсоор зарлахаар төлөвлөсөн байна. 

Хаитийн иргэд мөн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон орон нутгийн төлөөлөгчдийг сонгох асуудлаар санал өгнө.

Гэхдээ энэхүү хуваарь нь “аюулгүй байдлын нөхцөл хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд бүрдэх, мөн сонгуулийн үйл ажиллагааг явуулахад шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлэх” зэргээс шалтгаалж өөрчлөгдөж болзошгүй гэдгийг Сонгуулийн түр зөвлөл онцолжээ.

Энэ сарын эхээр тус зөвлөл сонгогчдыг бүртгэж, сонгуулийн аюулгүй байдлыг хангах ажилтнуудыг сургаж эхэлжээ. Мөн удахгүй болох сонгуульд өрсөлдөх эрхтэй 300 гаруй улс төрийн намын эцсийн жагсаалтыг нийтэлсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн