АНУ болон Иран улс Персийн буланд хоёр дахь өдөр дараалан цэргийн цохилт хийгээгүй нь бүс нутгийн хурцадмал байдал намжсан дохио болсон бололтой. Тухайлбал, Ням гаригийн (2026.07.26) арилжааны эхэнд газрын тосны үнэ буурсан үзүүлэлттэй байна. Энэ талаар “NEWS” агентлагийн “Дэлхийн эдийн засаг” буландаа онцолж байна.
Брент төрлийн газрын тосны есдүгээр сард нийлүүлэх үнэ арилжаа эхэлсний дараахан 4.9 хувиар буурч, баррель нь 92.02 ам.доллар болжээ. Үүнээс өмнө өнгөрөгч Баасан гаригт баррель үнэ нь 3.9 хувиар буураад байсан юм.
Тодруулбал, олон улсын жишиг үнэ болох Брент төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн долоо хоногт түр хугацаанд баррель нь 102 ам.долларт хүрч зах зээлийг сандаргаад амжсан. Улмаар газрын тосны үнэ арилжааны хамгийн идэвхтэй үеэс 30 ам.доллараар нэмэгдэж, тавдугаар сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байсан юм.
Мөн энэ сард Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн ширүүсэж, өргөн хүрээний дайн дахин дэгдэн, дэлхийн газрын тосны нийлүүлэлтийг улам саатуулж болзошгүй гэсэн болгоомжлолын улмаас газрын тосны үнэ огцом өссөн байв.
АНУ болон Израиль улс хоёрдугаар сарын сүүлээр Иранд цохилт өгснөөс хойш дэлхийн газрын тосны зах зээл тогтворгүй болж, хамгийн том айдас нь Ормузын хоолой болсон билээ. Ираны эргийн ойролцоох энэхүү нарийн усан замаар дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор тавны нэг нь дамжин өнгөрч, олон улсын зах зээлд гардаг. Гэвч мөргөлдөөний улмаас энэ чиглэлийн тээвэрлэлт бараг бүрэн саатаад байна.
Хэрэв мөргөлдөөн эхэлбэл газрын тосны үнэ нэмэгдэж, цохилт саарвал үнэ буурдаг чөтгөрийг тойрог үүсээд байгаа билээ.
Газрын тос үйлдвэрлэгчид өдгөө Ормузын хоолойгоос өөр газрын тос нийлүүлэх арга замыг хайж байгаа ч төдийлөн аюулгүй, боломжит хувилбар олдохгүй байна. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Улаан тэнгисээр зорчиж байсан Саудын Арабын газрын тосны танкерууд руу халдсан. Энэ нь зах зээлийн үнийг дахин өдөөсөн юм.
Хэрэглэгч худалдан авах боломжтой газрын тос бага байх үед газрын тос, шатахууны үнэ ялгаагүй өсдөг. АНУ-д Ням гаригт нэг галлон ердийн бензиний дундаж үнэ 4.11 ам.доллар байв. Энэ нь сарын өмнөх 3.90 ам.доллар, жилийн өмнөх 3.15 ам.доллараас хамаагүй өссөн үзүүлэлт гэж “AAA” мотор клуб мэдээлжээ.
ГАЗРЫН ТОСНЫ ӨНДӨР ҮНЭ ИНФЛЯЦЫГ ДАХИН ХӨӨРГӨХ ЭРСДЭЛ ДАГУУЛЖ БАЙНА
Газрын тосны үнэ өндөр хэвээр үргэлжилбэл дэлхий даяар тээвэрлэгддэг бараа бүтээгдэхүүний өртөг өсөх эрсдэлтэй байна. Үүнд хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд автомашин, онгоц, усан онгоцоор тээвэрлэдэг бүхий л бараа багтаж байгаа юм. АНУ-ын эдийн засаг өсөлтөө хадгалж байгаа ч Ирантай холбоотой хурцадмал байдал нь хэрэглэгчдийн итгэлийг сулруулсаар байна.
Газрын тосны үнэ энэ сард огцом өссөн нь АНУ-д инфляц хүлээлтээс илүү хурдтай саарч эхэлсэн үетэй давхацжээ. Гэвч эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан инфляцын дарамт дахин нэмэгдэх эрсдэл үүссэн гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.
Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Холбооны нөөцийн сан (Fed) ойрын хугацаанд мөнгөний бодлогын хурлаараа бодлогын хүүгээ дахин нэмэх магадлал 36 хувьтай байна гэж “CME Group”-ийн зах зээлийн тооцоонд дурджээ.
Бодлогын хүү өсөх нь инфляцыг тогтворжуулахад тустай ч иргэд, бизнесүүдийн зээлийн өртгийг нэмэгдүүлж, эдийн засгийн идэвхийг сааруулах эрсдэлтэй. Тухайлбал, АНУ-ын урт хугацааны ипотекийн зээлийн хүү сүүлийн бараг нэг жилийн дээд түвшинд хүрч, орон сууцны зах зээлд дарамт учруулаад байна. Мөн зээл үнэтэй болох нь хиймэл оюуны дата төвүүдийн бүтээн байгуулалтын өсөлтийг ч удаашруулж болзошгүй. Шинжээчдийн хэлснээр энэ салбар нь сүүлийн үед АНУ-ын эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүчний нэг болоод байгаа юм.
Хэдийгээр долдугаар сард огцом өссөн газрын тосны үнэ сүүлийн өдрүүдэд бага зэрэг буурсан ч зах зээл дэх тодорхойгүй байдал бүрэн арилаагүй хэвээр байна.
Есдүгээр сард нийлүүлэх “WTI” буюу АНУ-ын жишиг газрын тосны үнэ Ням гаригт 5.6 хувиар буурч, баррель нь 84.34 ам.доллар болсон байна. Үүнээс өмнө Баасан гаригт мөн 3.1 хувиар буурчээ. Газрын тосны зах зээлд олон сарын дараа нийлүүлэх нефтийн фьючерс гэрээнүүд идэвхтэй арилжаалагддаг.
Одоогоор хамгийн их арилжаалагдаж буй аравдугаар сард нийлүүлэх Брент төрлийн газрын тосны үнэ 4.6 хувиар буурч, баррель нь 87.48 ам.доллар болсон байна.