Францын баруун өмнөд хэсэг болон Испанийн төвийн бүсэд ой, хээрийн түймэр үргэлжлэн тархаж, 300 мянга гаруй хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлжээ. Эрх баригчдын мэдээлснээр, хүчтэй салхи, хэт халуун цаг агаар түймрийг унтраах ажиллагааг улам хүндрүүлж байна.
Тухайлбал, Францын Бордо хотын ойролцоох Жиронд болон Ланд мужуудаас нийт 250 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Бордо хот руу өчигдөр (2026.07.25) орой түймэр улам ойртсоны улмаас дахин 55 мянган оршин суугчийг гэр орноо орхихыг эрх баригчид үүрэг болгожээ. Гал сөнөөгчдийн мэдээлснээр, түймэр нь хүчтэй салхи, агаарын эргүүлэг үүсгэж байгаа тул урьдчилан таамаглахад бэрх, хяналтад авахад тун хүндрэлтэй нөхцөл үүссэн байна. Францын засгийн газар түймэртэй тэмцэхэд дэмжлэг үзүүлэхээр армийн хүчийг дайчилж, бут сөөгийг цэвэрлэх, түймрийн хамгаалалтын зурвас байгуулах ажилд оролцуулжээ.
Ерөнхийлөгч Эммануэль Макрон түймэрт өртсөн бүс нутгийг сэргээн босгож, шаардлагатай хугацаанд засгийн газар бүх талын дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн байна. Түймрийн утаа Бордо хотод хүрч, оршин суугчид хурц утааны үнэр үнэртэж байгааг мэдээлжээ. Аюултай бүсээс дүрвэсэн жуулчид галын хэмжээ “аймшигтай” болсон бөгөөд үнс байшин, усан санг бүрхэж, утаа амьсгалахад хүндрэл учруулж байгааг ярьсан байна.
Мөн аюулгүй байдлын хүчнийг түймрийн бүс рүү шилжүүлэхийн тулд “Тур де Франс” дугуйн уралдааны сүүлийн шатны зайг 133 км-ээс 89 км болгон богиносгожээ.
Испанийн Мадрид болон Авила мужуудаас 60 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол 28 мянга гаруй хүн гэрээсээ гарахгүй байх хорионд оржээ. Түүнчлэн Толедо мужийн ойролцоох хэд хэдэн суурингийн оршин суугчдыг мөн нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес нөхцөл байдал “хүнд, төвөгтэй үе” рүү шилжиж байгааг анхааруулсан байна. Мадридын ойролцоох зарим бүсэд цаг агаар бага зэрэг сайжирсан ч хүчтэй салхи түймрийг улам тэлэх эрсдэлтэй хэвээр байгаа аж. Харин Валенсиа мужид 70 орчим насны эрэгтэй түймрийн үеэр автомашиндаа нас барсан байдалтай олдсоныг эрх баригчид баталжээ.
Он гарснаас хойш Испанид нийт 130 мянган га газар түймэрт өртсөн нь сүүлийн 10 жилийн жилийн дундаж болох 100 мянган га-аас давсан үзүүлэлт болж байна. Харин Францад 2026 он гарснаас хойш 98 мянган га газар шатжээ.
Ой, хээрийн түймэр Европын бусад орнуудад ч үргэлжилж байна. Италийн Сицили аралд 350 гаруй түймэр бүртгэгдэж, иргэдийг нүүлгэн шилжүүлсэн бол Шотландын Кэрнгормсийн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гарсан түймэр 10 дахь өдрөө үргэлжилж байна.
Францад дэмжлэг үзүүлэхээр Европын холбоо Иргэний хамгаалалтын механизмаа идэвхжүүлж, Хорватаас “Canadair” төрлийн гурван усан бөмбөгдөгч онгоц, Португалаас “Air Tractor” төрлийн хоёр онгоц, Чех болон Словакаас “Black Hawk” нисдэг тэрэг, мөн Румынаас ой, хээрийн түймэртэй тэмцэх 40 хүний бүрэлдэхүүнтэй багийг илгээхээр болжээ.
Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен мөн Европын холбооны гал түймэртэй тэмцэх нөөцөөс Франц, Испани руу нийт 11 онгоц, нисдэг тэрэг илгээснийг мэдэгдсэн байна.
Европын холбооны Хямралын удирдлагын асуудал эрхэлсэн комиссар Хаджа Лахбиб энэ жилийн ой, хээрийн түймрийн хохирол өмнөх бүх дээд амжилтыг давах магадлалтайг анхааруулжээ. Түүний хэлснээр, зуны улирал эхлээгүй байхад буюу дөрөвдүгээр сард Нидерланд улс хүртэл Европын холбооны Иргэний хамгаалалтын механизмыг идэвхжүүлсэн нь энэ жилийн түймрийн улирал ердийнхөөс эрт эхэлснийг харуулж байна.
Тэрбээр мөн ойрын хугацаанд дахин хэт халалтын давлагаа үргэлжлэх төлөвтэй байгаа тул Европын олон бүс нутагт шинэ түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байгааг анхааруулсан байна.