Франц: Хэт халалтаас болж голын усанд орсон 40 хүн живж нас баржээ

Франц даяар агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрч, 40 хэм даваад буй тул халууцаж, бачимдсан хүмүүс гол ус руу орох нь ихэсчээ. Гэвч үүнээс болж долоо хоногийн хугацаанд 40 хүн живж нас барсан харамсалтай хэрэг гарсныг Францын ерөнхий сайд Себастьян Лекорню мэдэгдлээ. Нас барсан 40 хүний ихэнх нь залуу хүмүүс байсан аж.

Зөвхөн Франц гэлтгүй Европ даяар хэт халалт үргэлжилж байна. Өдөр, шөнө ялгаагүй халж буй энэ нөхцөл байдал дор хаяж долоо хоног үргэлжлэхээр байна. Сургууль, нийтийн тээвэр, спортын арга хэмжээ гэх мэт агааржуулалтаа шийдээгүй газруудад хэт халалтын нөлөө улам их мэдрэгдэж байгаа ажээ. Францад Эйфелийн цамхаг болон Луврын музей зэрэг олон хүн ихээр бужигнадаг газрууд цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулах байдлаар хэт халалтыг даван туулж байна.

НҮБ-ын уур амьсгалын агентлагийн төсөөллөөр ирэх таван жилд хэт халалтын түүхэн дээд амжилтууд бүртгэгдсээр байх төлөвтэй байна.

Европ бол дэлхийн хамгийн хурдтай дулаарч буй тив. Хамгийн сүүлд 2003 оны наймдугаар сард Европ тивд агаарын хэм сүүлийн 50 жилийн хамгийн өндөр хэмжээндээ хүрчээ. Тухайн үед ойролцоогоор 15 мянган хүн нас барсны олонх нь агааржуулагчгүй орон сууц болон асрамжийн газарт амьдарч байсан өндөр настнууд байв. Тэгвэл сүүлийн дөрвөн жилд хэт халалтаас болж Европ даяар 200 мянга гаруй хүн нас баржээ. Мөн тэдгээрийн ихэнх нь урьдчилан сэргийлэх боломжтой тохиолдол байсан гэдгийг ДЭМБ энэ сард мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: CBS NEWS

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн