Өнгөрсөн долоо хоногт Нью-Йорк хотын дарга Зохран Мамдани Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг дайны гэмт хэрэгтэн гэж мэдэгдэж, Гаагийн шүүхтэй хамтран ажиллах болно гэж онцолсон. Гэвч Нью-Йорк хот шүүхийн баривчлах захирамжийг бие даан хэрэгжүүлэх хууль зүйн бүрэн эрхгүй гэсэн дүгнэлтэд хууль эрх зүйн зөвлөхүүд нь хүрсэн гэж Мамдани мөн мэдэгдсэн байна.
Оронд нь тэрбээр АНУ-ын холбооны засгийн газрыг уг асуудлаар арга хэмжээ авахыг уриалж, “Нетаньяху Нью-Йорк хотод морилох хүн биш” хэмээн онцолжээ.
Тэгвэл Нетаньяху өчигдөр (2026.07.26) “Fox News”-д өгсөн ярилцлагадаа, Мамданигийн “сүрдүүлгийг” үл харгалзан, энэ намар Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралд оролцохоор төлөвлөж байна гэж мэдэгджээ. Нетаньяху хотын даргыг олон нийтийн дунд үзэн ядалтыг өдөөж байна гэж буруутгасан байна. Тэрбээр хэлэхдээ, “Тэр үндэс угсаа, шашин, итгэл үнэмшил харгалзахгүйгээр бүх Нью-Йоркчуудын хотын дарга байх ёстой. Гэвч тэр хүмүүсийн дунд яс хаяж байна” гэжээ.
Түүнчлэн Пүрэв гаригт Нью-Йорк хотод гарсан хоёр халдлагын талаар Нетаньяху дурдаж, хотын еврей иргэд “айдастай амьдарч байна” гэж мэдэгдсэн байна. Тухайлбал, сэжигтэн хэдхэн гудамжийн зайтай газруудад еврей болон ази гаралтай хоёр эрэгтэйг хутгалж, халдлага үйлдэх үеэрээ “Аллаху акбар” хэмээн хашхирчээ. Эрх баригчид сэжигтэнд үзэн ядалтын сэдэлтэй гэмт хэрэг үйлдсэн гэх ял тулгаад байгаа бөгөөд хохирогчид амьд үлдсэн. Уг халдлагыг Нью-Йорк дахь еврей болон ази гаралтай америк удирдагчид эрс буруутгаж байгаа юм.
Улмаар Нетаньяху Мамданиг ажлаа сайн хийдэггүй гэж буруутгасан байна.
Нью-Йорк хотын захирагчийн сонгуульд нэр дэвшигч, Палестины эрхийг тууштай дэмжигч Мамдани Израилийн Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааг удаа дараа шүүмжилж ирсэн. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Мамдани Гаагийн шүүхээс 2024 онд гаргасан Нетаньяхуг баривчлах захирамжийг хэрэгжүүлнэ гэж амлаж байв. Харин Израиль уг буруутгалыг няцааж, Нетаньяху түүнийг “үндэслэлгүй” мэдээлэл түгээсэн гэж буруутгаж байна.
Газын дайн 2023 оны аравдугаар сарын 7-нд Хамас бүлэглэл Израиль руу халдлага үйлдэж, ойролцоогоор 1,200 хүний аминд хүрч, 251 хүнийг барьцаалсны дараа эхэлсэн. Түүнээс хойш Израилийн цэргийн ажиллагааны улмаас Газын зурваст 73 мянга гаруй хүн, түүний дотор 21 мянга гаруй хүүхэд амиа алдсан гэж Хамасын удирддаг Газын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. НҮБ тус байгууллагын хохирлын талаарх тоон мэдээллийг ерөнхийдөө найдвартай гэж үздэг байна.