ОКЛЕНД, 2026 оны долоодугаар сарын 22 /Reuters/. АНУ-ын Холбооны шүүгч “Warner Bros. Discovery” компанийг “Paramount Skydance” компанитай нэгтгэх 111 тэрбум ам.долларын хэлцлийг наймдугаар сарын 3-ны өдрийг хүртэл түр зогсоохоор шийдвэрлэжээ.
Калифорни муж улсын Окленд хотын тойргийн шүүгч дээрх хоёр компани нэгдвэл зах зээлийн өрсөлдөөнд нөхөж баршгүй хохирол учирна гэх нэхэмжлэгч муж улсуудын тайлбарыг “хангалттай үндэслэлтэй” гэж үзсэн байна.
Калифорни, Нью-Йорк, Колорадо, Массачусетс зэрэг нийт 12 муж долоодугаар сарын 13-нд шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг хэлцэл хийгдвэл зах зээлийн 27 хувийг хянах аварга медиа компани бий болж, кино, телевизийн контентын үнийг өсгөж болзошгүй гэж мэдэгджээ. Шүүгч мөн хоёр компанийг нэгтгэснээр ажлын байр цөөрөх, нууц мэдээлэл задрах эрсдэл үүсэх бөгөөд дараа нь хууль бус гэж тогтоосон ч эдгээр үр дагаврыг арилгахад хэцүү байх болно гэдэгтэй санал нэгджээ.
Дээрх шийдвэр гарсны дараа “Warner Bros. Discovery” компанийн хувьцаа долоодугаар сарын 20-ны арилжаа хаагдах үед 3.76 хувиар буурсан бол долоодугаар сарын 21-нд “pre-market” буюу хөрөнгийн зах зээлийн арилжаа албан ёсоор эхлэхээс өмнөх арилжааны явцад 0.15 хувиар өссөн байна. Харин “Paramount Skydance” компанийн хувьцааны үнэ даваа гарагт 2.06 хувиар унаж, мягмар гаргийн “pre-market”-ын үеэр 0.35 хувиар өсжээ.
Талууд нотлох баримтаа танилцуулсны дараа эцсийн шийдвэр гарах бөгөөд шүүх хурал үргэлжлэх явцад хэлцлийг дахин хойшлуулах эсэхийг шийдэх сонсголыг наймдугаар сарын 3-нд хийхээр товложээ. Хэрэв шүүхийн ажиллагаа хэдэн сар үргэлжилбэл “Paramount Skydance” компанид санхүүгийн асар их хохирол учирч болзошгүй байна. Учир нь тус компани есдүгээр сарын 30-наас эхлэн нэгдэх хугацаа хойшлох өдөр бүр “Warner Bros.”-ын хувьцаа эзэмшигчдэд 7 сая орчим ам.доллар төлөх үүрэг хүлээгээд байгаа юм.
“Warner Bros.” компанийг стриминг үйлчилгээний “Netflix” компани худалдан авахаар төлөвлөж байсан боловч “Paramount Skydance” тэдэнд 111 тэрбум ам.доллар санал болгосны дараа буюу хоёрдугаар сард “Netflix” өрсөлдөөнөөс гарсан юм. “Warner Bros. Discovery”-гийн хувьцаа эзэмшигчид “Paramount Skydance”-тай нэгдэх саналыг дөрөвдүгээр сард олонхын саналаар дэмжсэн билээ.
Холливудын 1000 гаруй уран бүтээлч, зүтгэлтнүүд энэхүү хэлцлийг кино урлагийн салбарын “бүрэн бүтэн, хараат бус болон олон талт байдлыг” алдагдуулна хэмээн эсэргүүцжээ. Гэсэн хэдий ч АНУ-ын Хууль зүйн яам энэхүү тус улсын хэрэглэгчид болон өрсөлдөөнд хохирол учруулахгүй, харин ч илүү хүчтэй тоглогчийг бий болгосноор өрсөлдөөнийг улам нэмэгдүүлнэ гэж үзэн “Paramount” компани “Warner Bros. Discovery”-ийг худалдаж авахыг зөвшөөрчээ.
“Paramount” компаниас мэдэгдэхдээ, “Warner Bros.”-ийг худалдан авах хэлцлийг тасалдуулах зорилготой өргөн хүрээний эсэргүүцлийн кампанит ажил өрнүүлж байна гэж Netflix-ийг буруутгажээ. Тус компанийн үзэж буйгаар, “Netflix” нь уг хэлцлийн эсрэг зохицуулах байгууллагууд болон бусад сонирхогч талуудын байр суурийг өөртөө ашигтайгаар эргүүлэхийг оролдож байгаа аж.