Луврын музейн Аполлон танхим есөн сарын дараа дахин нээгдлээ

ПАРИС, 2026 оны долоодугаар сарын 22 /Anadolu/. Францын хатдын эдэлж хэрэглэж байсан 88 сая еврогоор (102 сая ам.доллар) үнэлэгдэх үнэт эдлэлүүд хулгайд алдагдсан дуулиант хэрэг гарснаас хойш есөн сарын дараа Луврын музейн Аполлон галерейг лхагва гарагт буюу өнөөдөр дахин нээлээ. 
Тус танхимыг үнэт эдлэлийн үзмэргүйгээр, анхны зориулалтаар нь буюу төрийн ёслол хүндэтгэлийн танхим хэлбэрээр ажиллуулна гэж Луврын музейн дарга Кристоф Лерибо Францын “Le Parisien” өдөр тутмын сонинд мэдээлсэн байна.
Үзэгчид энд үнэт эдлэлийн оронд Шарль Ле Брёны зохиомжилсон таазны зураг зэрэг тус танхимын сийлбэрлэсэн чимэглэлүүдийг сонирхох боломжтой. 1661 онд Францын хаан XIV Людовикийн үед байгуулсан уг галерей нь хожим Версалийн ордны Толин танхимын эх загвар болсон түүхтэй. 
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 19-нд дөрвөн этгээд ачааны автомашинд суурилуулсан өргөгч ашиглан цонхоор нэвтэрч, хэдхэн минутын дотор Францын хатад Мари-Луиз, Мари-Амели, Ортанс болон хатан хаан Евгения нарын эдэлж хэрэглэж байсан хүзүүний зүүлт, ээмэг, титэм, энгэрийн зүүлт зэрэг есөн ширхэг үнэт эдлэлийг хулгайлжээ.  Хулгайч нар зугтахдаа хатан хаан Евгениягийн титмийг музейн ойролцоо орхисон байсныг мөрдөгчид олсонбөгөөд одоогоор уг титмийг сэргээн засварлаж байна. Музейн удирдлагын мэдээлснээр, титмийн ихэнх хэсэг бүрэн бүтэн үлджээ. Харин хулгайд алдагдаагүй үлдсэн Францын хатан хааны үнэт эдлэлүүдийг цаашид Луврын музей доторх цонхгүй, өндөр хамгаалалттай тусгай өрөөнд шилжүүлсэн байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн