НЬЮ-ЙОРК, 2026 оны долоодугаар сарын 22 /Forbes/. Ормузын хоолойн үйл ажиллагаа саатсан хэвээр байвал энэ оны дөрөвдүгээр улирал гэхэд “Brent” маркийн газрын тосны үнэ нэг торх нь 120 ам.доллароос давж өсөж болзошгүйг “Goldman Sachs” банкны шинжээчид анхааруулжээ.
Шинжээчдийн үзэж буйгаар, Ойрх Дорнодын хурцадмал байдлаас үүдэн Булангийн орнуудаас нийлүүлэх газрын тосны урсгал дайны өмнөх үеэс 45 гаруй хувиар буурах төлөвтэй байгаа нь үнэ өсөх гол хүчин зүйл болж байна. Гэхдээ энэ нь тус банкны үндсэн төсөөлөл биш болохыг онцолсон байна.
“Goldman Sachs”-ын суурь таамгаар, Ойрх Дорнодын нөхцөл байдал намжвал “Brent” газрын тосны үнэ энэ оны дөрөвдүгээр улиралд нэг торх нь 80 ам.доллар, 2027 онд 75 ам.доллар байна гэж тооцоолжээ. Гэсэн хэдий ч Ормузын хоолой, цаашлаад Улаан тэнгисээр өнгөрөх тээвэр саатсаар байвал газрын тосны үнэ өсөх эрсдэл өндөр хэвээр байгааг шинжээчид анхааруулжээ.
АНУ, Израил хамтран хоёрдугаар сарын 28-нд Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлснээр Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр үндсэндээ бүрэн зогсож, дэлхийн зах зээлд газрын тосны үнэ огцом өссөн билээ. АНУ, Ираны талууд дайныг зогсоож, Ормузын хоолойг нээх зорилготой харилцан ойлголцлын санамж бичигт зургаадугаар сарын 17-нд цахимаар гарын үсэг зурсан боловч долоодугаар сарын эхээр Ормузын хоолойд Ираны тал арилжааны хөлөг онгоцууд руу халдсаны дараа АНУ Иранд цохилт өгөх ажиллагаагаа дахин эхлүүлсэн юм. АНУ-ын Зэвсэгт хүчний Төв командлалаас мэдээлснээр, цохилтын бай нь Ираны цэргийн командлалын төвүүд, пуужин харвагч төхөөрөмжүүд, агаарын довтолгооноос хамгаалах системүүд байв. Харин Ираны тал хариуд нь Кувейт, Иордан дахь АНУ-ын цэргийн баазуудад цохилт өгчээ.
Үүнээс гадна, Йемен дэх Ираны дэмжлэгтэй хуситууд Саудын Арабаас Улаан тэнгисээр дамжин өнгөрөх газрын тосны тээвэрлэлтийг зогсооно хэмээн мэдэгдээд байна. Дэлхийн эрчим хүчний салбарын судалгаа, зах зээлд дүн шинжилгээ хийх, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг “Rystad Energy” компанийн шинжээчдийн үзэж буйгаар, хэрэв гал зогсоох тохиролцоонд хүрч чадахгүй, Ормузын хоолой хаалттай хэвээрээ, Улаан тэнгисээр дамжин өнгөрөх тээвэрт хуситуудаас учрах аюул нэмэгдвэл газрын тосны үнэ огцом өсөх эрсдэлтэй байна.
Эдгээр үйл явдлын улмаас долоодугаар сард “Brent” маркийн газрын тосны үнэ 91 ам.доллароос давсан бөгөөд долоодугаар сарын 21-ний байдлаар нэг торх нь 88.28 ам.доллароор арилжаалагджээ. АНУ-Ираны мөргөлдөөний эхэн үед буюу дөрөвдүгээр сарын сүүлчээр “Brent” нефтийн үнэ 126 ам.доллароос давсан билээ.