БИШКЕК, 2026 оны долоодугаар сарын 22 /Кабар/. Киргиз улсын Ерөнхийлөгч Садыр Жапаров иргэдэд хандаж үг хэлэхдээ, аялал жуулчлалын хөгжил, тус салбарын эдийн засагт оруулах хувь нэмэр өсөн нэмэгдсээр буйг онцоллоо.
Төрийн тэргүүн хэлэхдээ “2020-2021 оноос өмнө манай улсад жил бүр 2-3 сая жуулчин ирдэг байсан бол өнөөдөр энэ тоо 13 саяд хүрчээ” хэмээн онцлон тэмдэглэв.
Түүний хэлснээр, 7 сая гаруй хүн амтай улсад бараг хоёр дахин олон тооны жуулчид ирж байгаа нь эдийн засагт маш эерэг нөлөөтэй бөгөөд ДНБ-ий өсөлтөд 4-5 хувийн хувь нэмэр оруулж байна.
“Бусад улсууд жуулчдыг татахын тулд зар сурталчилгаанд олон тэрбумыг зарцуулдаг. Гэтэл хүмүүс Киргизийг өөрсдөө сонгоод ирж буйг бид үнэлэх ёстой гэж ерөнхийлөгч хэлээд, гадны зочин бүрд хүндэтгэлтэй хандахыг уриаллаа. “Жуулчид улс орны эдийн засагт, киргиз хүн бүрийн аж амьдралыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа учраас жуулчин бүрд хүндэтгэлтэй хандаж, анхаарал тавихыг та бүхнээс хүсье” гэж төрийн тэргүүн хэлэв.
“Ашигт малтмалын нөөц хэзээ нэгэн цагт шавхагдаж дуусна, харин аялал жуулчлал үлдэнэ. Ирээдүйд энэ салбар Киргизийн эдийн засгийн гол тулгууруудын нэг байх болно” гэж тэрбээр онцлон дурдав.
Үүний сацуу төрийн тэргүүн иргэдэд хандан аялал жуулчлалын салбарт мэргэжлийн ур чадвар, дадлага туршлага эзэмшихийг уриаллаа. “Хэрвээ та барилгын салбарт ажиллахыг хүсэхгүй байгаа бол хөтчийн мэргэжил эзэмшээд, жуулчдыг хүлээн авснаар яг өнөөдрөөс эхлэн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах болно” гэж С.Жапаров хэллээ.