Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

КИЕВ, 2026 оны долоодугаар сарын 21 /Reuters/. Оростой хийж буй дайн тав дахь жилдээ үргэлжилж буй энэ үед Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский цэргийн удирдлагадаа томоохон халаа сэлгээ хийлээ. Тэрбээр Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар залуу генерал Михаил Драпатыйг томилохоор шийдвэрлэснээ мягмар гарагт мэдэгджээ. 

В.Зеленский 60 настай ерөнхий командлагч Александр Сырскийг албан тушаалаас нь чөлөөлж, 2024-2025 онд Украины Хуурай замын цэргийг удирдаж байсан, нэр хүндтэй, туршлагатай, 43 настай командлагч Михаил Драпатыйг түүний оронд томилсон байна.

Энэхүү халаа сэлгээг олны дэмжлэгийг хүлээсэн Батлан хамгаалахын сайдыг огцруулснаас хойш хэдэн өдрийн турш үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалын дараа хийж байна. Мөн дайнд ялах түлхүүр нь технологи ашиглах явдал гэж үздэг украинчууд болон уламжлалт цэргийн арга барилыг баримталдаг удирдлага хоорондын зөрчил гүнзгийрч буйг харууллаа.

В.Зеленский өнгөрсөн долоо хоногт дроны үйлдвэрлэлийг хөгжүүлэх ажлыг удирдаж байсан, 35 настай шинэчлэгч Михаил Федоровыг огцруулсан байна. М.Федоров өмнө нь А.Сырскийг ажилд нь санаатайгаар саад хийсэн хэмээн буруутгаж байжээ.

В.Зеленскийн ажлын байрны гадна хэд хоног жагссан эсэргүүцэгчдийн зарим нь М.Федоровыг албан тушаалд нь буцаан томилж, А.Сырскийг огцруулан М.Драпатыйг ерөнхий командлагчаар томилохыг шаардсан байна.

“Украины Батлан хамгаалах хүчний ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд тасралтгүй явагдах ёстой. Украины алсын зайны хориг арга хэмжээний төлөвлөгөө болон манай дунд зайн цохилтын ажиллагаа тун нарийн чанд хэрэгжих болно” гэж В.Зеленский мэдэгджээ.

Энэхүү томилгоог Украины тал Оросын төсвийн орлогын гол эх үүсвэр болох эрчим хүчний салбар болон ложистикийн сүлжээнд хүчтэй цохилт өгөх замаар дайнд давуу байдал олж авахыг зорьж буй үед хийлээ. Харин М.Федоровыг чөлөөлсөн нь Украины талыг тулааны талбарт байлдааны эрч хүчээ алдах вий гэсэн болгоомжлолыг цэргийн шинжээчдийн дунд төрүүлээд байна.

“Би хариуцлагатайгаар, бүх анхаарлаа төвлөрүүлэн, өнөөдөр эх орноо хамгаалж буй хүмүүсийг хүндэтгэн ажиллах болно” гэж М.Драпатый “Facebook” нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.

А.Сырский дайны эхний өдрүүдэд Киевийг хамгаалах ажиллагаанд гол үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2024 оны эхнээс Украины Зэвсэгт хүчний ерөнхий командлагчаар ажиллаж байв. Гэвч тэрбээр зарим цэргийн албан хаагчийн хэлж буйгаар бие бүрэлдэхүүний асар их гарз хохиролд хүргэдэг хатуу командлалын арга барилаасаа болон ширүүн шүүмжлэлд өртөөд байжээ.

В.Зеленский А.Сырскийг ямар албан тушаалд томилох талаараа дурдаагүй бөгөөд дөрвөн одтой генералын цаашдын албаны талаар түүнтэй ярилцсан гэдгээ л мэдэгджээ.

Тэрбээр мөн өмнө нь хуучин албан тушаалдаа эргэн очих хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан М.Федоровт төрийн технологийн салбарыг хариуцах “нэр хүндтэй албан тушаал” санал болгосноо дурдсан байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн