ШИНЭ ДЕЛИ, 2026 оны долоодугаар сарын 19 /DW/. Сансрын салбар дахь Энэтхэгийн Skyroot Aerospace гэдэг хувийн компани Vikram-1 пуужинг Сатиш Дхаваны нэрэмжит сансрын хөлгийн буудлаас хөөргөлөө. Уг буудал Андхра-Прадеш муж улсын нутаг дахь Шрихарикота арал дээр байрладаг ажээ.
22 м өндөр уг пуужин 350 кг хүртэлх жинтэй ашигтай ачааг нам тойрог замд гаргах хүчин чадалтай бөгөөд Энэтхэгийн болон гадаадын захиалагчдийн ачаа болох алмааз, сансрын хог хаягдлыг цэвэрлэгч робот зэргийг тойрог зам руу зөөвөрлөх юм.
Хувийн хэвшлийн компани анх удаа пуужин хөөргөсөнтэй холбогдуулан Ерөнхий сайд Нарендра Моди хэлэхдээ “энэ бол Энэтхэгийн хувьд сансрын орон зайг эзэмших зам дахь тодорхойлогч агшин мөн” гэлээ. Өмнө нь тус компанид үйлдвэрлэсэн Vikram-S гэдэг бага оврын пуужинг 2022 онд дэд тойрог замд гаргаж байсан юм.
Энэтхэг бол сансрын гүрэн
Тус улс 2020 онд сансрын салбарт хувийн хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрснөөр стартап компаниуд пуужин, хиймэл дагуулууд зохион бүтээж, сансрын аппаратууд хөөргөх боломжтой болсон юм. Өмнө нь Энэтхэгийн Сансрын судалгааны байгууллага /ISRO/ уг салбарт давуу эрхтэй байв.
2023 оны 8 дугаар сард Энэтхэг улс Сарны гадаргуу дээр сансрын аппаратаа буулгасан 4 дэх орон болсон билээ. Тухайн үед Сарны өмнөд туйлын районд “Чандраян-3” автомат станцыг буулгах үйл явцыг 6.5 тэрбум хүн телевизээр үзэж байв.
Цаашдаа тус улс дэлхийн сансрын эдийн засагт эзэлж буй одоогийн 2 хувиа 5 дахин өсгөж, 2033 он гэхэд 44 тэрбум долларт хүргэх зорилт дэвшүүлжээ.