Азербайжан улсын Шуша хотноо “Энх тайвныг дэмжихэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг: Үнэнийг сэргээж, итгэлийг дахин сэргээх нь” сэдэвт Шушагийн дэлхийн хэвлэл мэдээллийн IV форум 7 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд болж байна.
Форумд дэлхийн 54 орны 160 орчим хэвлэл мэдээллийн байгууллага, мэдээллийн агентлаг, олон улсын байгууллага, шинжээч, төрийн албан тушаалтнууд оролцож, энх тайвныг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүрэг, ташаа мэдээлэлтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагаа, олон нийтийн итгэлцлийг сэргээх, хиймэл оюун ухааны эрин үеийн сэтгүүл зүйн ёс зүй, цахим мэдээллийн аюулгүй байдал зэрэг асуудлаар хэлэлцэж байна.
Форумын нээлтэд Азербайжан улсын Ерөнхийлөгч Илхам Алиев оролцож, олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр энх тайван нь олон улсын эрх зүйд тулгуурласан, шударга байх ёстойг онцолж, хөрш орнуудыг харилцаагаа хэвийн болгож, мөргөлдөөнийг даамжруулахгүй байхыг уриалав. Мөн Азербайжан Улс аюулгүй байдал, үндэсний ашиг сонирхлоо хамгаалах, тогтвортой хөгжил, Карабахын сэргээн босголт, шинэ тээврийн коридоруудын хөгжил, дижитал шилжилт, хиймэл оюун ухааны хөгжлийг тэргүүлэх зорилтоо болгон хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.
Форумын хүрээнд энх тайвныг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг, хуурамч мэдээллийн эсрэг хамтын ажиллагаа, хотуудын сэргээн босголт дахь мэдээллийн байгууллагын хариуцлага, медиа дипломат ажиллагаа, медиа боловсрол, хиймэл оюун ухааны эрин үеийн ёс зүй, улс дамнасан хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа зэрэг сэдвээр салбар болон ганцаарчилсан хэлэлцүүлгүүд зохион байгуулж байна. Тухайлбал, нийт зургаан салбар хуралдааны хүрээнд дээрх сэдвүүдийг хэлэлцэж байгаа юм.
2022 оноос эхлэлтэй энэхүү форум нь дэлхийн хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчдийг нэгтгэдэг олон улсын нэр хүндтэй индэр болон өргөжиж, энх тайван, үнэн бодит мэдээлэл, итгэлцлийг бэхжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагааг хөгжүүлэхийг зорьж байна.
Монгол Улсаас Үндэсний мэдээллийн агентлаг энэхүү хуралд жил бүр уригдан төлөөлөгчдөө оролцуулж ирсэн юм.


