ВАШИНГТОН, 2026 оны долоодугаар сарын 14 /Reuters/. АНУ “Ормузын хоолойн хамгаалагч”-ийн хувиар уг хоолойгоор дамжин өнгөрөх бүх ачаанаас 20 хувийн хураамж авна гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр мэдэгджээ. АНУ-ын цэргүүд Иран руу, харин Исламын хувьсгалт гвардийн корпус Бахрейн, Иордан, Кувейт, Оман руу цохилт өгөх үед тэрбээр энэ мэдэгдлийг хийсэн байна.
Д.Трамп мөн Ираны боомтуудад тэнгисийн бүслэлтийг сэргээж байгаагаа зарлаж, Вашингтон Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх бүх хөлөг онгоцноос их хэмжээний хураамж авна гэдгийг мэдэгджээ.
Энэхүү мэдэгдлийн хариуд Ираны цэргийн командлал АНУ-ыг газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн стратегийн чухал зам болох Ормузын хоолойн удирдлагад “хөндлөнгөөс оролцохыг” зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. Мөн Ираны цохилтод хамгийн их өртсөн Персийн булангийн хөрш орнууддаа АНУ-ын засаг захиргаатай хамтран ажиллахгүй байхыг анхааруулсан байна.
Талууд дөрөвдүгээр сард байгуулсан гал зогсоох хэлэлцээрээс хойш байгаагүй өргөн цар хүрээтэй харилцан цохилт өгөх үеэрээ ийнхүү харилцан ширүүн мэдэгдлүүд хийлээ. АНУ-ын цэргүүд даваа гарагт олон арван бай руу цохилт өгсөн гэж мэдээлсэн бол Ираны Исламын хувьсгалыг хамгаалах корпус Бахрейн, Иордан, Кувейт, Оман дахь байд хариу цохилт өгснөө мэдэгджээ.
Д.Трамп өөрийн “Truth Social” платформд нийтэлсэн мэдэгдэлдээ АНУ-ыг цаашид “Ормузын хоолойн хамгаалагч” хэмээн зарлаж, “дэлхийн хамгийн тогтворгүй уг бүс нутгийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүх зардлын төлбөр болгон Ормузын хоолойгоор тээвэрлэж буй бүх ачааны үнийн 20 хувийг авна” гэсэн байна.
Түүний хэлснээр, Ираны боомтууд дахин бүслэлтэд орох боловч “бусад бүх улс орон хоолойг шударга бөгөөд нээлттэй нөхцөлөөр ашиглах” аж.
Харин Ираны цэргийн төв командлал болох “Хатам аль-Анбия”-гийн төлөөлөгч мэдэгдэхдээ, энэхүү стратегийн чухал тээврийн замыг удирдахад АНУ-ыг ямар ч нөхцөлд оролцуулахгүй гэжээ.
Долоодугаар сарын 13-ны даваа гарагт АНУ, Ираны цэргүүд дахин харилцан цохилт өгсөн юм. АНУ-ын эрх баригчид олон улсын усан тээврийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Ормузын хоолойн бүсэд Ираны хүчний эсрэг шинэ ажиллагаа эхлүүлснээ мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө Ираны өмнөд нутгийн хэд хэдэн боомт хотуудад дараалан дэлбэрэлт болсон талаар мэдээлжээ. Мөргөлдөөн дахин даамжирсантай холбогдуулан НҮБ-ын тэргүүн Антонио Гуттериш Иран, АНУ-д хандан яриа хэлэлцээгээ нэн даруй сэргээхийг уриаллаа.