Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

БЭЭЖИН, 2026 оны долоодугаар сарын 14 /Reuters/. Хятадын эрх баригч Коммунист намын Улс төрийн товчооны гишүүн Ма Шинрүйг авилгын хэргээр намаас хөөсөн тухай мэдээлжээ. Ингэснээр тэрбээр 2025 оноос хойш намаас хөөгдөж буй шийдвэр гаргах тус дээд байгууллагын гурав дахь гишүүн болж байна.

Ма Шинрүй нь мөн төвийн хөдөө тосгоны ажлыг удирдах хэсгийн орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд түүнийг энэ оны дөрөвдүгээр сард “хууль тогтоомж, сахилга батыг ноцтой зөрчсөн” (авлигын хэрэгт хэрэглэдэг намын хэллэг) хэргээр шалгаж эхэлжээ.

Синьхуа агентлаг мэдээлснээр, тэрбээр албан тушаалтнуудыг сонгон шалгаруулах, томилоход бусдад давуу байдал олгож, хууль бусаар ажилд зуучилсан нь мөрдөн шалгах явцад тогтоогджээ. Түүнчлэн “ойрын хамтран ажиллагчдынхаа гаргасан хууль, сахилгын ноцтой зөрчил, болзошгүй гэмт үйлдлийг үл тоомсорлож, таслан зогсоох арга хэмжээ аваагүй” гэж тус агентлаг мэдээлсэн байна.

Ма Шинрүй 2015-2016 онд өмнөд бүсийн технологийн төв болох Шэньжэнь хотын намын хорооны даргаар ажиллаж байх үед ажлын албыг нь хариуцаж байсан Го Юнханыг шалгаж эхэлснийг гуравдугаар сард мэдэгдсэн юм. Ма Шинрүй өмнөд Гуандун мужийн захирагч болоход Го Юнхан эдийн засгийн гол төв болох тус мужид тушаал дэвшиж байжээ.

Түүнчлэн 2021 оны сүүлчээр Шиньжааны намын хорооны даргаар томилогдсоноос нь хойш тушаал дэвшсэн хэд хэдэн албан тушаалтныг сүүлийн саруудад шалгаж эхэлжээ. Тэрбээр хууль бусаар бэлэг, хахууль авч, садан төрөлдөө үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнээр худалдан авахад тусалсан төдийгүй эрх мэдэл, мөнгийг бэлгийн харилцаагаар солилцсон хууль бус хэлцэлд оролцсон нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Мөн гэр бүлийн гишүүддээ өөрийн албан тушаалын нөлөөг ашиглан асар их хэмжээний ашиг хонжоо олох боломж олгож, эрх баригчдын тодорхойлсноор том хэмжээний “гэр бүлийн авилга”-д холбогдсон бөгөөд хууль бусаар асар их хэмжээний мөнгө, эд хөрөнгө авчээ. Хууль бусаар авсан мөнгө, хөрөнгийн хэмжээг “Синьхуа” агентлаг тодорхой дурдаагүй байна.  

“Ройтерс” агентлаг Ма Шинрүйгээс тайлбар авах гэсэн боловч холбогдож чадаагүй байна. Түүнийг намаас хөөсөн нь Ши Жиньпиний олон жилийн турш үргэлжилж буй авлигатай тэмцэх кампанит ажил улам эрчимжиж буйн илрэл боллоо. Энэхүү кампанит ажилд нам, төр, армийн олон өндөр албан тушаалтан өртөөд байгаа юм.

Энэ оны нэгдүгээр сард Хятадын эрх баригчид армийн хамгийн өндөр цолтой генерал Жан Юшяг авлигын хэргээр шалгаж эхэлснээ мэдэгдсэн. Мөн Төв цэргийн зөвлөлийн орлогч дарга асан Хэ Вэйдүн өнгөрсөн оны аравдугаар сард Коммунист намаас хөөгдсөн билээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн