Энди Бернэм К.Стармерыг залгамжлах нь тодорхой болжээ

ЛОНДОН, 2026 оны долоодугаар сарын 14 /DW/. Энди Бернэм Лейборист намын олонхын дэмжлэгийг авснаар намын даргын суудлын төлөөх өрсөлдөөнд ялах нь тодорхой болов. Долоодугаар сарын 17-нд тэрбээр албан ёсоор Лейборист намын дарга болж, улмаар Их Британийн Засгийн газрыг тэргүүлэх төлөвтэй байна.

Э.Бернэм Лейборист намын дарга бөгөөд Их Британийн Ерөнхий сайд Кир Стармерын заламжлагчийг тодруулах үйл явцын хүрээнд парламентын хэд хэдэн гишүүний дэмжлэгийг нэмж авснаар намын даргын өрсөлдөөнд маргаангүй давуу байдлыг өөртөө бий болгосон байна. К.Стармерын суудлыг залгамжлах цорын ганц нэр дэвшигч болоод буй тэрбээр долоодугаар сарын 13-ны даваа гаргийн оройны байдлаар парламент дахь Лейборист намын 403 гишүүнээс 349-ийнх нь дэмжлэгийг авчээ.

Ингэснээр өөр ямар ч нэр дэвшигч намын даргын суудлын төлөөх өрсөлдөөнд оролцоход шаардлагатай 81 гишүүний дэмжлэгийг авч чадахааргүй болсон байна. Намын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэх хугацаа долоодугаар сарын 16-нд дуусах юм. Иймээс Э.Бернэм долоодугаар сарын 17-ны баасан гарагт Лейборист намын шинэ даргаар сонгогдож, гурав хоногийн дараа Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалыг хашиж эхэлнэ. К.Стармер намынхныхаа дэмжлэгийг алдсаны улмаас зургаадугаар сард огцрохоо мэдэгдсэн билээ.

Манчестерийн гурван удаагийн захирагч

Энди Бернем Их Манчестерийн захирагчаар дараалан гурван удаа сонгогдож байсан тул түүнийг “Умардын хаан” хэмээн нэрлэдэг. Тэрбээр зургаадугаар сарын сүүлчээр Английн хойд бүсийн Мейкерфилд тойргоос парламентад сонгогдсоноор намын даргын албан тушаалд нэр дэвших эрхтэй болсон юм.

2024 оны сонгуулиар Лейборист нам үнэмлэхүй ялснаар Кир Стармер засгийн эрхэнд гарсан хэдий ч нэр хүндээ хурдан алджээ. Өнгөрсөн тавдугаар сард болсон орон нутгийн сонгуулиар түүний нам хүнд ялагдал хүлээсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн