KOSPI индекс огцом уналаа

СӨҮЛ, 2026 оны долоодугаар сарын 13 /Yonhap/. Ойрх Дорнодын байдал дахин хурцадсаны улмаас хөрөнгө оруулагчдын болгоомжлол нэмэгдэж, даваа гаргийн өглөө Өмнөд Солонгосын хөрөнгийн биржийн гол индекс болох KOSPI хагас дамжуулагч үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханшийн уналтыг даган огцом буурлаа.

Даваа гаргийн арилжааг 0.85 хувийн уналтайгаар эхлүүлсэн KOSPI индекс үргэлжлэн унасаар өглөөний 11:20 цагийн байдлаар 392.53 нэгжээр буюу 5.25 хувиар буурч, 7083.41 нэгжид хүрчээ.

Америк, Иран хоёр улс Ормузын хоолойн статусын асуудлын улмаас дахин харилцан цохилт өгч эхэлсэн нь уг индекс буурахад нөлөөлсөн байна.

Ираны тал Ойрх Дорнод дахь АНУ-ын холбоотнууд руу дроноор цохилт өгсний дараа АНУ-ын цэргүүд ням гарагт Иранд цохилт өгчээ. 

Харин өнгөрсөн баасан гарагт АНУ-ын хөрөнгийн биржийн хувьцаанууд өссөн үзүүлэлттэй хаагджээ. Үүнд Өмнөд Солонгосын хагас дамжуулагч үйлдвэрлэгч “SK hynix” компани пүрэв гарагт АНУ-д олон тэрбум ам.долларын үнэт цаас гаргасан нь нөлөөлсөн байна. “Dow Jones” индекс 0.29 хувиар, технологийн компаниудын “Nasdaq” индекс мөн 0.29 хувиар өсжээ.

Сөүлийн хөрөнгийн биржид технологийн салбарын компаниудын хувьцаанууд хамгийн их уналттай байв. Өмнөд Солонгосын тэргүүлэгч компани болох “Samsung Electronics”-ийн хувьцаа 5.09 хувиар, тус компанийн өрсөлдөгч “SK hynix”-ийнх 9.08 хувиар тус тус буурсан байна.

Мөн үндэсний агаарын тээвэрлэгч “Korean Air”-ийн хувьцаа 2.24 хувиар, батлан хамгаалахын салбарын “Hanwha Aerospace” компанийнх 1.65 хувиар буурчээ.

Харин автомашин үйлдвэрлэгч “Hyundai Motor” компанийн хувьцаа 0.22 хувиар, “Hyundai Steel” компанийнх 4.09 хувиар өссөн байна.

Нэг ам.доллартой тэнцэх воны ханш өглөөний 11:20 цагийн байдлаар 1505.35 болж, өмнөх арилжааны өдрөөс 6.85 воноор буурчээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн