Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Ормузын хоолойгоор дамжин өнгөрч байсан чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц руу Ираны Исламын хувьсгалыг хамгаалах корпус халдсаны дараа АНУ-ын цэргийнхэн Иранд дахин цохилт өгснөө өнөөдөр мэдэгдлээ.

Сүүлийн хэдэн өдөр АНУ, Ираны хооронд харилцан цохилт үргэлжилсний улмаас АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израилын эхлүүлсэн байлдааны ажиллагааг зогсоох зорилгоор байгуулсан гал зогсоох тохиролцоо хүчингүй болсон гэж мэдэгдсэн хэдий ч Ираны талтай цаашид хэлэлцээ хийх боломжийг нээлттэй үлдээжээ.

Ираны тал “зөвшөөрөгдөөгүй чиглэлээр” явж байсан хөлөг онгоц руу анхааруулах зорилгоор гал нээсэн хэмээн мэдэгдсэнийхээ дараа стратегийн чухал ач холбогдолтой Ормузын хоолойг хаажээ. Мөн энэ үйл явдалтай холбоотойгоор авсан аливаа арга хэмжээний “хариуг хатуу барина” гэж анхааруулсан байна. 

АНУ-ын Төв командлал (CENTCOM) уг хөлөг онгоцыг Киприйн далбаатай, “M/V GFS Galaxy” чингэлэг тээврийн хөлөг болохыг тогтоосон бөгөөд хөдөлгүүрийн өрөө нь ихээхэн гэмтэж, багийн нэг гишүүн сураггүй болсон гэж мэдээлжээ.

Энэхүү мөргөлдөөн Персийн булангийн бүс нутгийн байдлыг тогтворгүй болгож, Ираны тал Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрт бодитоор саад учруулж эхэлснээр эрчим хүчний эх үүсвэрүүдийн үнэ огцом өсөж, дэлхий даяар инфляц хөөрөгдөхөд хүргээд байгаа билээ. Ялангуяа шатахууны үнэ өссөн нь 11 дүгээр сард болох Конгрессын сонгуулийн өмнө Д.Трампын хувьд улс төрийн эмзэг асуудал болоод байна.

Ираны тал мэдэгдэхдээ, хэд хэдэн хөлөг онгоц “зөвшөөрөгдөөгүй чиглэлээр” дамжин өнгөрөхийг оролдож, чиглэлээ өөрчлөх анхааруулгыг үл тоомсорлосон гэжээ. Мөн дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн (LNG) нийлүүлэлтийн тавны нэг орчим нь дамжин өнгөрдөг уг хоолой “бүс нутаг дахь АНУ-ын оролцоо дуусах хүртэл” хаалттай байх болно гэж Исламын хувьсгалыг хамгаалах корпус мэдэгдсэн байна. 

АНУ-ын Төв командлал Ираны талын мэдэгдэл гарснаас цаг орчмын дараа буюу бямба гаргийн оройн 19:15 цагт (Гринвичийн цагаар 23:15) агаарын цохилтуудыг эхлүүлсэн байна. Хэрэв АНУ чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоцтой холбоотой үйл явдалд хариу арга хэмжээ авбал Ойрх Дорнод дахь “дайсны өөр баазууд”-ыг онилно хэмээн Ираны тал мэдэгдэлдээ анхааруулсан байна. Цохилт өгөх тушаалыг Д.Трамп өгсөн гэж Төв командлал мэдээлжээ. Цагаан ордон одоогоор тайлбар хийгээгүй байна. 

АНУ-ын өндөр албан тушаалтнуудын хэлснээр, Вашингтон Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцуудад халдахаа зогсоож, бүх чиглэлийг ямар нэгэн татвар хураамжгүйгээр нээлттэй байлгахаа албан ёсоор зарлахыг Ираны эрх баригчдаас шаардаж байгаа аж.

Харин Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи АНУ-ыг гал зогсоох тохиролцоог зөрчсөн хэмээн буруутгаж, “Хоёр тал хоёул дагаж мөрдсөн тохиолдолд тохиролцоо хэрэгжинэ” гэж X хуудсандаа бичсэн байна.

Энэ долоо хоногийн эхээр Катар, Саудын Арабын газрын тос тээвэрлэгч гурван хөлөг онгоц халдлагад өртсөний дараа АНУ-ын цэргүүд мягмар гарагт Ираны зарим объектод цохилт өгч, АНУ-ын эрх баригчид Ираны түүхий тосыг худалдах зөвшөөрлийг цуцалсан юм. Харин Ираны тал Персийн тохойн орнууд дахь АНУ-ын цэргийн баазуудад хариу цохилт өгчээ.

Ираны тал хөлөг онгоцнуудад өгсөн цохилтын хариуцлагыг албан ёсоор хүлээгээгүй бөгөөд Техран энэхүү үйлдлээ яриа хэлэлцээний явцад давуу тал олж авах хэрэгсэл болгон ашиглаж байна гэж шинжээчид үзэж байна.

Ираны өндөр албан тушаалтны мэдээлснээр, Иран, АНУ, Катар, Пакистаны төлөөлөгчид бямба гарагт утсаар зөвлөлдөж, хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Энэ үеэр Арагчи дайныг зогсооход зуучлахыг оролдож буй Оман улсад айлчилжээ. Энэхүү дипломат оролдлого амжилттай болсон эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн