ПАРИС, 2026 оны долоодугаар сарын 13 /Kazinform/. Францын эрчим хүчний EDF компани хэт халалтын улмаас гурван цөмийн реакторын ажиллагааг түр зогсоож, өөр найман реакторын хүчин чадлыг бууруулжээ.
Ийнхүү арга хэмжээ авах болсон шалтгаан нь аагим халууны улмаас реакторыг хөргөхөд ашигладаг гол мөрний усны температур зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан явдал юм.
“Le Parisien” сонины мэдээлснээр, “Гольфеш”, “Бюже”, “Шо” атомын цахилгаан станцын реакторуудыг унтраажээ. Мөн “Сент-Альбан”, “Блай”, “Бюже», “Шо”, “Трикастен” зэрэг станцуудын реакторуудын хүчин чадлыг бууруулсан байна.
Эдгээр арга хэмжээг Францын байгаль орчныг хамгаалах журмын дагуу хэрэгжүүлдэг. Реакторыг хөргөхөд ашигладаг голын усны температур нэмэгдэх үед оператор компани усан санг хэт халахаас сэргийлэх, орон нутгийн экосистемийг хамгаалах зорилгоор эрчим хүчний блокуудын хүчин чадлыг бууруулах эсвэл түр зогсоох үүрэгтэй байдаг ажээ.
Өнгөрсөн зургаадугаар сард EDF компани мөн аагим халууны улмаас хоёр цөмийн реакторын ажиллагааг түр зогсоож байсан бөгөөд энэ нь хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилготой байв.
Зургаадугаар сарын 23-нд Францад 1947 онд цаг уурын хэмжилт хийж эхэлснээс хойших түүхэн дэх хамгийн халуун өдөр бүртгэгдэж, өдөр, шөнийн дундаж температур 30 хэмд хүрсэн байна. Хэт халалтын улмаас Франц болон Европын зарим бүс нутагт олон арван хүн амиа алдаж, цахилгаан хангамж, сургуулийн үйл ажиллагаа болон аялал жуулчлалын салбарын үйл ажиллагаанд саатал үүсжээ.