Алексей Навальныйг мэлхийн хор ашиглан хөнөөсөн гэв

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный ховор төрлийн хороор хордсоны улмаас нас барсан гэж Их Британи болон Европын хэд хэдэн улс мэдэгдлээ. Түүнийг Сибирийн хорих ангид нас барснаас хоёр жилийн дараа Их Британи, Швед, Франц, Герман, Нидерланд зэрэг улс хамтарч шинээр шинжилгээ явуулсан. Улмаар түүний биед эпибатидин гэх хор илэрсэн гэж мэдэгдсэн байна. Энэ хор нь Өмнөд Америкийн зарим бүс нутагт орших хорт мэлхийнээс гаралтай бөгөөд ОХУ-д байдаггүй. Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр Их Британийн гадаад хэргийн сайд Иветт Купер хэлэхдээ, Навальный шоронд байх үед ийм хор хэрэглэх боломж, шалтгаан, нөхцөл зөвхөн ОХУ-ын засгийн газарт байсан гэж мэдэгджээ. Тэрбээр уг хор Навальныйгийн биед илэрсэнд ямар ч тайлбар, гэм зэмгүй шалтгаан байхгүй гэж онцлон тэмдэглэсэн байна.

ОХУ-ын төрийн мэдлийн агентлаг “TASS” дээрх мэдэгдлийг няцааж, “мэдээллийн кампанит ажил” гэж нэрлэжээ.

Гэсэн хэдий ч Их Британи болон түүний холбоотнууд хамтарсан мэдэгдэл гаргаж, Навальныйгийн үхэлд ОХУ-ын төр хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Мөн Их Британи Химийн зэвсгийг хориглох байгууллагад хандаж, ОХУ Химийн зэвсгийг хориглох конвенцыг зөрчсөн байж болзошгүй талаар мэдээлжээ. Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер Навальныйгийн зоригийг магтаж, ОХУ болон тус улсын ерөнхийлөгч Владимир Путины заналхийллээс Британи улсаа хамгаалахын төлөө ажиллаж байгаагаа хэлсэн байна. Францын гадаад хэргийн сайд Жан-Ноэль Баррот мөн Навальныйд хүндэтгэл үзүүлж, түүнийг чөлөөт, ардчилсан Оросын төлөө тэмцсэнийхээ төлөө амиа алдсан гэж мэдэгджээ.

“МАШ ХОВОР ТӨРЛИЙН ХОР” 

Навальный нь ОХУ-ын засгийн газрын эсрэг хамгийн хүчтэй шүүмжлэгчдийн нэг байсан бөгөөд 2024 оны хоёрдугаар сарын 16-нд 47 насандаа хорих ангид гэнэт нас барсан юм. Тэрбээр 2020 онд мөн “Новичок” мэдрэлийн хороор хордож байсан ч амьд гарч байсан. Их Британи болон Европын зарим улс Алексей Навальныйг хөнөөсөн гэж үзэж буй хорыг эпибатидин гэж нэрлэгддэг. Энэ бодис анх Өмнөд Америкийн хойд хэсэгт амьдардаг хорт мэлхийнээс илэрсэн.

Эрдэмтэд эпибатидиныг өвчин намдаах эм болон уушгины үрэвсэлт өвдөлтийг эмчлэхэд ашиглаж болох эсэхийг судалж байсан. Гэвч энэ нь хэт хортой тул эмчилгээнд хэрэглэх боломжгүй гэж үзжээ.

Хор судлалын мэргэжилтэн Жилл Жонсон хэвлэлд ярихдаа энэ хор нь “морфиноос 200 дахин хүчтэй” гэж хэлсэн. Мөн төв мэдрэлийн системд нөлөөлдөг бөгөөд хэрэглэсэн тохиолдолд булчин чангарах, саажилт, таталт өгөх, зүрхний цохилт удаашрах, амьсгалын дутагдалд орох зэрэг шинж тэмдгийг үзүүлдэг төдийгүй нас барахад хүргэж болзошгүй аж. Жонсон хэлэхдээ энэ хор маш ховор. Зөвхөн тодорхой төрлийн байгальдаа амьдардаг мэлхийд маш бага хэмжээгээр агуулагддаг бөгөөд тэр мэлхий тодорхой хоол хүнс идсэн үед л үүсдэг байна. Харин хувь хүн тэжээсэн хорт мэлхийд тийм төрлийн хор үүсдэггүй байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар байгальд байдаг мэлхий идсэн хоолноосоо шалтгаалж эпибатидин гэх хорт бодисыг ялгаруулж чаддаг байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн