Цагаан сарын зан үйл, бэлгэдлийн талаар МУИС-ийн Археологи, антропологийн тэнхмийн угсаатан зүйн багш С.Бямбадоржтой ярилцлаа.
-Цагаан сар тэмдэглэх ёс заншил монголд хэзээ, ямар түүхэн үеэс эхтэй вэ?
-Сар шинийн баярыг хэрхэн ойлгохоос шалтгаалан түүний гарал үүслийг тайлбарлах хандлага өөр байдаг. Бид ихэвчлэн хаврын баяр хэмээн ойлгодог ч зарим судлаачид эрт үед “сүүн сар” хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэдэг байсан гэж үздэг. “Сүү”, “цагаан”, “цагаар сар” зэрэг ойлголтууд утгын хувьд хоорондоо холбоотой бөгөөд цэвэр ариун, шинэ эхлэл гэсэн бэлгэдлийг илэрхийлдэг. Дэлхийн аль ч ард түмэнд цаг улирал, байгалийн мөчлөгтэй холбоотой зан үйл, баяр ёслол байдаг. Үүнийг “календарын баяр” хэмээн нэрлэдэг. Сурвалж бичгүүдэд тэмдэглэснээр монголчууд Юань гүрний үед дөрвөн улирлын баярыг тэмдэглэдэг байсан. Энэ нь цаг хугацааны мөчлөг бүрийг ёслол төгөлдөр угтаж, ахуй амьдрал, аж ахуй, соёл, хүсэл мөрөөдлөө батжуулан давтан бэлгэдэж ирсний илэрхийлэл юм. Өнөөгийн бидний тэмдэглэдэг цагаан сарын баярыг түүхэн уламжлалтай нь холбон тайлбарлахад Чингис хааны үетэй хамааралтай.
1206 онд Их Монгол Улсыг байгуулсны дараа бар сарын шинийн нэгнийг Цагаан сар болгон тэмдэглэх зарлиг буулгасан гэж үздэг. Түүхэн сурвалжид өгүүлснээр, бар сарын шинийн нэгний өглөө Чингис хаан эртлэн босож, цагаан хувцас өмсөн, өндөр сэнтийдээ заларч, ээжтэйгээ золгосон тухай дурдсан байдаг. Харин яг хэрхэн золгосон тухай тодорхой баримт үлдээгүй. Цагаан сарын эхлэлийг Чингис хаантай холбон тайлбарлах нь түгээмэл.
Тухайн үед хааны үйл хөдлөл бүр хуульчлагдан нийтээр дагаж мөрдөгддөг байсантай холбоотой. Цагаан сар нь угсаатны нэгдмэл соёлын бэлгэдэл төдийгүй тусгаар тогтнолын утга агуулгатай баяр болж төлөвшсөн. Хожим Богд хааны үед цагаан сарын ач холбогдол улам тодорсон. Манж Чин улсын эрхшээлээс гарсны дараа Манжийн баримталж байсан шар зурхайгаас зориуд зөрүүлэн “Төгс буянт”-ын зурхайгаар хаврын тэргүүн сарыг тооцоолох болж, Хүрээний Цагаан сар Бээжинд тэмдэглэж буй баяртай заавал давхцах албагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Өөрсдийн цаг тооны бичгийг боловсруулан мөрдөх болсон нь мөн л тусгаар улсын бэлгэдэл байсан хэрэг. Цагаан сарыг зөвхөн хаврын баяр хэмээн ойлгох нь өрөөсгөл. Энэ бол монголчуудын хувьд тусгаар тогтнол, үндэсний дархлаа, угсаатны нэгдмэл байдлыг илэрхийлсэн уламжлалт баяр. Социализмын үед ч цагаан сарыг бүрэн халж чадаагүй. Хэдийгээр хавчин шахах бодлого явуулж байсан ч ард иргэд ил, далд хэлбэрээр тэмдэглэсээр байсан. 1952 оны битүүний өдөр Хорлоогийн Чойбалсан нас барсантай холбогдуулан тухайн жил цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гарсан. 1953 онд мөн хориглосон ч монголчууд төрийн хэмжээнд бус, ахуйн хүрээнд нууцаар тэмдэглэж байсан түүхтэй. Сар шинийн баяр нь эртний улирлын зан үйлээс улбаатай ч төр улсын түүхэн хөгжлийн явцад тусгаар тогтнолын бэлгэдэл болон төлөвшиж, өнөөг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний утга учир бүхийн гүн хүндэтгэлт баяр юм.
– Цагаан сараар олон төрлийн зан үйл хийдэг. Жишээлбэл, мөр гаргах ёс бий. Үүний гол утга, бэлгэдэл нь юу вэ?
– Цагаан сарын үеэр хийдэг зан үйлүүдийн ихэнх нь буддын шашинтай холбоотой. Буддын шашин бол харийн зүйл биш. Наад зах нь Чингис хааны үеэс монголчууд буддын шашны нөлөөгөөр ертөнцийг үзэх үзлээ төлөвшүүлж ирсэн түүхтэй. Монголд буддын гүн ухаанд тулгуурласан сэтгэлгээний тогтолцоо бүрэлдсэн гэж хэлж болно. Мөр гаргах ёслолын тухайд бид сар шинээр үеэс үед хийж ирсэн уламжлал. Хийх ч учиртай. Учир нь аливаа угсаатанд өөрийн гэсэн ижилсэл, нэгдмэл үнэт зүйл байх ёстой. Тэрхүү ижилсэл, соёлын дархлаагаа бататгах нэг хэлбэр нь энэ зан үйл юм. Сүүлийн үед мөр гаргах ёсыг ач холбогдолгүй хэмээн үгүйсгэх хандлага ажиглагддаг. Буддын шашны ойлголтоор хүн өөрөө муу үйл хийхгүй бол “арван зүгийн аливаа амьтан” хор хүргэж чадахгүй гэж үздэг. Магадгүй энэ үнэн байж болно. Гэвч хүн төрөлхтөн төгс гэгээн биш шүү дээ. Иймд зан үйлийг байгаа, байхгүй гэж туйлшрах нь өрөөсгөл. Мөр гаргах ёс нь ирэх жилийн элдэв барцад саадыг хэлтрүүлж, аян зам, ажил үйлсдээ өлзий дэмбэрэл ерөөх бэлгэдэлтэй. Бүхнийг танин мэдсэн гэгээнтэн биш л бол уламжлагдан ирсэн зан заншлаа хүндэтгэн дагах нь зүйтэй болов уу. Нэгэн гэгээний айлдвар бий: “Орчлонгийн амьтдын үйл явдал од эрхсийн хөдөлгөөнд нөлөөлнө.” Бид энэ ертөнцөд орших өчүүхэн бодгаль. Сансрын нөлөөллийг бүрэн үгүйсгэх аргагүй. Монголчуудын хийж ирсэн эдгээр зан үйл нь сэтгэлийн амар амгаланг олгох, өөрийгөө хамгаалах бэлгэдэлтэй соёлын өв юм. Тиймээс Цагаан сарын зан үйлийг үгүйсгэж бус, учир утгыг нь ойлгож, хүндэтгэн авч явах нь чухал гэж боддог.
-Битүүлэх ёсны зан үйлийн ач холбогдлыг тайлбарлаж өгөөч?
“Битүүлэх” болон “битүүрэх” гэх үгсийг хүмүүс заримдаа андуурч хэрэглэдэг. “Битүүрэх” гэдэг нь аливаа зүйл өөрөө хаагдах, дүүрэх үйл явцыг илэрхийлдэг бол “битүүлэх” гэдэг нь хүний гүйцэлдүүлж буй үйлдлийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, бид хуучин оныг “битүүлж”, хааж байгаа хэрэг юм. Битүүлэх ёсны гол утга нь хуучин оноо үдэж, шинэ оныг угтан авахад оршдог. Энэ нь зүгээр нэг цаг хугацааны солигдолт бус, угсаатны зүй, антропологийн үүднээс “даваа давах ёс”, “босго алхах ёс” гэж нэрлэдэг чанарын шилжилтийн мөч юм. Нэгэн мөчлөгийг хааж, нөгөөг шинээр эхлүүлж буй бэлгэдэлт үйлдэл гэж нэрлэж болно. Монголчуудын уламжлалт цаг тоолол сарны мөчлөгт тулгуурладаг. Тиймээс сар битүүрэх тэр мөч нь хуучин оныг албан ёсоор хааж буйг илэрхийлнэ. Шинийн нэгний өглөөгөөр шинэ он, шинэ амьдрал эхэлж байна гэж үздэг тул хуучин оноо заавал баяр жаргал, сайн ерөөл, бэлгэдэлтэйгээр үдэх учиртай. Битүүлгийн идээ ундаатай холбоотой зарим ташаа ойлголт байдаг. Жишээлбэл “битүү хоол идэх ёстой” гэх мэтээр үгийн хэлбэрээс үүдэн буруу тайлбарлах нь бий. Үнэн хэрэгтээ “битүүлэх” ёс нь хоолны нэршлээс илүүтэй цаг хугацааны мөчлөгийг хааж буй утгатай зан үйл юм. Битүүний ёслол нь оройн анхны од гарах үеэс эхлэн шөнө дунд, хулгана цаг хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд хуучин оноо сайхан үдэж, шинэ оныг сайнаар урин дуудахыг эрхэмлэдэг. Тиймээс битүүний өдөр хэрүүл маргаан хийхгүй, муу үг хэлэхгүй, амьтан гаслуулахгүй зэрэг олон цээрийг баримталдаг. Эдгээр хорио цээр нь тухайн өдрийг амгалан тайван, билэг ерөөлтэй өнгөрүүлэхэд чиглэдэг. Монголчуудын үзэл санаагаар шинийн нэгний өглөө хүн аливаад хэрхэн хандана, тэр өнгөөр шинэ он үргэлжилнэ гэж бэлгэддэг. Битүүлэх ёс нь зөвхөн хуучин оныг хаах төдий бус, шинэ амьдралын эхлэлийг сэтгэл санаа, зан үйлийн хувьд бэлтгэж буй гүн гүнзгий утга агуулгатай уламжлал.
-Золгох ёсны дэг жаяг манай угсаатны онцлог уу, эсвэл бусад улс орон, угсаатнууд ч хийдэг үү?
-Бусад улс орон, угсаатнууд ч мэндчилгээний ёслол үйлддэг. Олон ард түмэн сөгдөх, бөхийх, залбирах зэрэг хэлбэрээр хүндэтгэлээ илэрхийлдэг. Жишээлбэл, Япон улсад бөхийж мэндлэх нь хүндэтгэлийн илэрхийлэл бөгөөд хэр зэрэг доош бөхийснөөр хүндэтгэлийн хэмжээ, утга илэрхийлэгддэг. Харин монголчууд гар зөрүүлэн золгодог нь онцлогтой. Энэ үйлдэл нь гүн бэлгэдэлтэй. Зүгээр нэг мэндчилгээ бус, буян хишиг, сайн сайхныг дамжуулах ёслолын хэлбэр. Цагаан сарын ёслол хэдэн өдрийн турш нарийн дэг жаягтай үргэлжилдэг. Түүний нэг чухал хэсэг нь золголт.
Уламжлалт ёсоор ахмад хүн гараа доош харуулж, дүүмэд хүн хоёр гараараа тохойг нь түшин, алгаа дээш харуулан золгодог. Энэ нь ахмад хүн нь энэ насны турш хурааж хуримтлуулсан буян хишиг, сайн сайхныг үр хүүхэд, төрөл удмын залгамж үедээ дамжуулж буйг бэлгэддэг. Харин тосож буй хүн алгаа дээш харуулан хүлээн авч буй нь тэрхүү ерөөл, хишгийг хүндэтгэн авч буй утгатай. Нас ойролцоо хүмүүс хоёр алгаа дээш, доош харуулан зөрүүлж золгодог нь бие биедээ сайн сайхныг хуваалцаж, харилцан ерөөл дэвшүүлж буйг илэрхийлнэ.
Тиймээс золголт нь цагаан сарын үндсэн бэлгэдэл болох эв нэгдэл, буян хишгийн солилцооны утгатай шууд холбоотой. Мөн Цагаан сарын өглөө овоонд гарч мандах нарыг харах заншил бий. Энэ нь гаднаас харахад зүгээр нэг нарыг харах үйл мэт боловч гүн утгаараа байгаль дэлхий, тэнгэр огторгуйтай золгож, шинэ жилээ угтаж буй бэлгэдэл юм. Золголт нь зөвхөн мэндчилгээний хэлбэр төдий бус, монголчуудын ертөнцийг үзэх үзэл, буян хишгийн ойлголтыг шингээсэн онцлог зан үйл гэж хэлж болно.
Сар шинийн ширээний идээ, ууц, боов, цагаан идээ ямар бэлгэдэлтэй вэ?
Монголчууд билигдлийн ард түмэн хэмээн ярьдаг нь учиртай. Бидний өдөр тутмын ахуй амьдрал, зан үйл, ёс заншил бүрт бэлгэдэл шингэсэн байдаг. Жишээлбэл, айлд орохдоо баруун хөлөөрөө түрүүлж алхах нь хүндэтгэл, сайн сайхныг бэлгэддэг гэж үздэг. Үүнтэй адил цагаан сарын идээ засахад ч гүн утга агуулгатай. Сар шинийн ширээний идээ нь зүгээр нэг хоол хүнс бус, амьдралын жаргал зовлон, буян хишиг, элбэг дэлбэгийн бэлгэдэл юм. Тавгийн идээг ихэвчлэн сондгой тоогоор, үе үеэр нь засдаг нь учиртай. Сондгой тоо нь жаргал, зовлон, жаргал гэсэн утгыг илэрхийлдэг. Идээ засахдаа хүртэл амьдралын бэлгэдлийг шингээж, ерөөл билгийн утгаар ханддаг нь монголчуудын онцлог юм. Сүүлийн жилүүдэд тавгийн идээг хаядаг тухай яриа сонсогдох болсон.
Тавгийн идээ бол “хоолны үлдэгдэл” бус, амны хишиг, буян заяаны бэлгэдэл. Түүнийг үл ойшоон хаях нь амны хишгээсээ хазайхтай адил хэмээн цээрлэдэг.
Тиймээс идээ будаандаа хүндэтгэлтэй хандах нь уламжлалаа дээдэлж буй хэрэг юм. Мөн зарим айл тавгийн идээний өндрөөр өрсөлдөх хандлага ажиглагддаг. Харин уламжлалт ёс жаягийн дагуу бол есөн үеэс дээш засдаггүй байсан. Ес гэдэг тоо нь тэнгэрийг бэлгэддэг, хамгийн дээд утгатай тоо юм. Иймээс есөн үе засах нь төрийн тэргүүний хэмжээнд хамаарах бэлгэдэлтэйд тооцогддог. Ургийн ахмад настан долоон үе, нас тогтсон хүн таван үе, залуу айл гурван үе засах ёстой гэсэн уламжлал бий. Идээ засахдаа энэ утга агуулгыг ухамсарлан, бэлгэдлийн гүн санааг ойлгон хүлээн авах нь зүйтэй.
-Цагаан сарын зардал өндөр болчихсон тухай яриа их гардаг. Үнэхээр ч зарим айл бүх мөнгөө баярт зарцуулчихдаг юм шиг санагддаг. Тэгээд тэр их зардлын цаана жинхэнэ утга бэлгэдлийг нь харах өнцөг алдагдаад байгаа юм биш үү гэсэн бодол төрдөг. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Энэ тал дээр би арай өөрөөр хардаг. Ер нь хэн ч “бүх мөнгөө зарцуулж тэмдэглэ” гэж хэлээгүй. Монголчууд “хөнжлийнхөө хэрээр хөлөө жий” гэдэг сайхан үгтэй ард түмэн. Хөнжлийнхөө хэрээр л тэмдэглэвэл ямар ч асуудал гарахгүй. Харин цаг үе өөр болсон, залуучуудын сэтгэлгээ ч өөр болсон. Тийм болохоор зарим нь жаахан шантраад байгаа байх. Цагаан сар олон хоног үргэлжилдэг, ёс бэлгэдэл ихтэй баяр. Тэр бүхнийг ойлгож, утгыг нь ухаж бодож амжаагүй, амьдралын туршлага багатай залууст бол ачаа мэт санагдаж магадгүй. Ёс бүрийг сахина гэдэг өөрийгөө байнга хянаж явна гэсэн үг. Тэрнээс шантрах тал бий. Гэхдээ асуудал нь зөвхөн мөнгөнд биш, ойлголтод байгаа. “Тэгвэл цагаан сар тэмдэглэхээ болих юм уу?” гэвэл үгүй. Хүн нас ахих тусам ураг удмынхаа өмнө хүлээсэн үүрэг, нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ойлгож эхэлдэг. Тэр үедээ өөрийн эрхгүй тэмдэглэнэ. Би энэ талаар өөдрөг бодолтой явдаг.
-Бүс нутаг, угсаатны бүлгүүдийн цагаан сарын зан заншилд ямар ялгаа байдаг вэ?
-Нутаг нутгийн онцлогийн тухайд, Монголын угсаатны бүлгүүдийн зан заншил хэлбэрийн хувьд ялгаатай. Жишээлбэл, баруун монголчууд овоонд гарч, өглөө эрт тэнгэртээ мөргөнө. Харин төвийн бүсэд яг тэр хэлбэрээр овоонд гарна гэх нь ховор. Гэхдээ Улаанбаатарт шинийн нэгний өглөө уулын оройд гарч зогсож буй хүмүүсийг харахад, энэ бол тэнгэртээ мөргөх ёсны хувирсан хэлбэр. Монголын угсаатны соёл бол нийлэг соёл. XIII зуунд, Чингис хааны үед угсаатнууд нэгдэж, соёлын нэгэн цогц тогтолцоо бүрэлдсэн. Тиймээс агуулгын хувьд адил, харин хэлбэрийн хувьд бага зэрэг ялгаатай. Нэг газар гүрмэл боов тавина, нөгөө газар хэвийн боов тавина. Зарим нь үхрийн өвчүү, зарим нь хонины ууц тавина. Энэ нь нутгийн онцлогоос хамаарна. Гол утга нь адилхан.
-Орчин цагт цагаан сарын зан үйл хэрхэн хувьсан өөрчлөгдөж байна вэ?
-Зан заншил гэдэг мөнхийн, огт хувирдаггүй зүйл биш. Үндсэн агуулга, зорилго нь хэвээр үлддэг ч хэлбэр нь цаг үеэ дагаад өөрчлөгдөнө. Үүнийг ойлговол “хэцүү, төвөгтэй, яршигтай” гэсэн мэдрэмж үгүй болно. Дутагдаж байгаа зүйл нь ойлголт. Залуучууд “өвөө эмээ тэгдэг байсан” гэж мэддэг хэрнээ ямар утгатай вэ? гэдгийг бодож үздэггүй. Жишээ нь, хар муур урдуур гүйлээ гээд цээрлэх нь орос домгоос орж ирсэн ойлголт. Гэтэл муур бол байгалийн амьтан. Аль заншил нь монгол, аль нь гадаад нөлөөтэй вэ гэдгийг ялгаж ойлгох хэрэгтэй. Мухар сүсэг гэж нэрлэгддэг олон зүйл цаанаа утгатай. Ээрүүл, шөвгөөр тоглохгүй, хутга шидэж өгөхгүй, гал дээр ус хийхгүй гэх мэт. Эдгээр нь аюул ослоос хамгаалах, хүмүүжүүлэх шинжтэй. Нийгмийн нөхцөл өөрчлөгдвөл зарим нь хэрэггүй болж болно. Гэхдээ дагахаа больсон ч утгыг нь мэдэж байх ёстой. Голомтын гал дээр ус хийдэггүй гэхэд, энэ нь гал голомтоо хүндэтгэх, айл өрхийн амин сүнсийг хамгаалах үзэлтэй холбоотой. Харин хээр түймэр гарвал унтрааж болно. Ёс заншлыг мухраар бус, учир утгаар нь ойлгох ёстой. Эцсийн дүндээ, монгол зан заншил бол хүнийг хамгаалах, ертөнцтэй зохицож амьдруулахын төлөө олон үеэр хуримтлуулсан туршлага. Түүнийг ойлгож чадвал монгол хүний амьдрал хялбар болно.
Хээрийн судалгааны ажлаар хөдөө явж байхдаа цагаан сартай холбоотой өвөрмөц зан үйлтэй таарч байв уу?
Хээрийн судалгаанд явахад “огт харж байгаагүй” зүйл гэхээс илүү “манай нутагт байдаггүй” хэлбэрүүд таардаг. Жишээлбэл, баруун Монголд битүүний өдөр дух гүйлгэх, чөмөг хугалах зэрэг заншил байдаг. Төв нутгийнханд бол сонин санагдана. Гэхдээ энэ нь нэг соёлын доторх хувилбарууд. Ирээдүй үед уламжлалыг зөв өвлүүлэхийн тулд хамгийн чухал нь утгыг нь ойлгуулах. Хэрэв залуучууд цагаан сарын учрыг ойлговол тэмдэглэх эсэх маргаан биш, харин баяр хөөр болно. Хэлбэр нь өөрчлөгдөж болно, гэхдээ гол санаа, үндсэн агуулгыг алдагдуулахгүй байх нь л чухал.