АНКАРА, 2026 оны долоодугаар сарын 9 /Reuters/. АНУ-ын тал агаарын довтолгооноос хамгаалах “Patriot” цогцолборынхоо пуужинг үйлдвэрлэх зөвшөөрлийг Украинд олгохоор төлөвлөж байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Анкара хотноо болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахдаа мэдэгджээ.
“Өнөөдөр бидний ярилцах сэдвүүдийн нэг бол бид тэдэнд Patriot системийн пуужинг үйлдвэрлэх эрхийг олгох асуудал юм. Бид тэдэнд үүнийг хэрхэн хийдгийг харуулна” гэж Д.Трамп хэлсэн байна.
Үүнээс гадна, Цагаан ордны тэргүүн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярихаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Д Трампын хэлснээр, дайныг зогсоохтой холбоотой Кремлийн тэргүүний тавьж буй шаардлагууд өөрчлөгдөж байгаа аж. Тэрбээр мөн “хүмүүсийн амь насыг аврахын тулд” АНУ-ын тал Украинд аюулгүй байдлын баталгаа гаргаж өгөх чиглэлээр ажиллаж байгааг дурджээ.
Сүүлийн өдрүүдэд В.Зеленский болон Украины удирдлагын бусад төлөөлөгч, тухайлбал Зэвсэгт хүчний Агаарын цэргийн хүчний албан ёсны төлөөлөгч Юрий Игнат нар Украинд “Patriot” системд зориулсан сөнөөгч-пуужин ихээхэн дутагдаж байгааг мэдэгдсээр байсан юм. Ю.Игнатын хэлснээр, үүний улмаас долоодугаар сарын 6-нд шилжих шөнө Оросын талаас хийсэн өргөн хүрээтэй довтолгооны үеэр харвасан 29 баллистик пуужингийн нэгийг нь ч Украины Зэвсэгт хүчин сөнөөж чадаагүй байна.