ПАРИС, 2026 оны долоодугаар сарын 8 /Reuters/. Францын хэт барууны үзэлтнүүдийн удирдагч Марин Ле Пен давж заалдах шатны шүүхээс сонгуульд нэр дэвших эрхийг нь хасах хугацааг багасгах шийдвэр гаргасны дараа 2027 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ мягмар гарагт албан ёсоор зарлажээ. Гэсэн хэдий ч шүүх түүнийг намынхаа ажилтнуудыг цалинжуулахын тулд Европын Холбооны хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутай гэж үзсэн шийдвэрээ хэвээр үлдээсэн бөгөөд тэрбээр энэхүү шийдвэрийг дахин давж заалдахаа мэдэгдээд байна.
Шүүхийн шийдвэр гарснаас хэдхэн цагийн дараа Ле Пен сонгуулийн сурталчилгааны цахим хуудсаа шууд нээж, өөрийгөө дэмжихийг сонгогчдод уриалсан нь Францад урьд өмнө байгаагүй нөхцөл байдал үүсгээд байна. Өөрөөр хэлбэл, төрийн хөрөнгийг шамшигдуулсан хэрэгт буруутай нь тогтоогдсон улстөрч сонгуульд сонгуульд өрсөлдөхөөр бэлтгэж эхэллээ.
“Өнөө орой би ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч боллоо. Эцсийн шийдвэрийг Францын ард түмэн гаргана” гэж Ле Пен шүүхийн шийдвэр гарснаас хэдхэн цагийн дараа TF1 телевизэд ярилцлага өгөхдөө хэлжээ.
Санал асуулгаар тэргүүлж буй Ле Пен мягмар гаргийн шүүхийн шийдвэрийг Францын дээд шатны шүүх болох Кассацийн шүүхэд давж заалдахаа мэдэгджээ. Ингэснээр түүнд цахим хяналтын бугуйвч зүүх зэрэг шүүхийн шийдвэрийн хэрэгжилт түр хугацаанд зогсох юм. Тэрбээр өөрийгөө ямар ч буруутай үйлдэл хийгээгүй гэж дахин мэдэгдсэн байна.
Өдгөө 57 настай Ле Пен ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж 2025 оны гуравдугаар сараас хойш тодорхойгүй байв. Тухайн үед тэрбээр цагаачлалыг эсэргүүцдэг Үндэсний нэгдэл (RN) намын ажилтнуудын цалинг тавихад Европын парламентын мөнгийг ашигласан хэрэгт буруутгагдаж, таван жилийн хугацаанд сонгуульд оролцох эрхээ хасуулжээ. Үүнтэй холбоотойгоор RN нам Ле Пений улс төрийн залгамжлагч болох 30 настай Жордан Барделлаг 2027 оны сонгуульд нэр дэвшүүлэх хувилбарт бэлтгэж эхлээд байв.
Мягмар гаргийн шүүхийн шийдвэрээр түүний төрийн алба хаших эрхийг 60 сараар хассаныг 45 сар болгон багасгаж, үүнээс 30 сарыг нь тэнсэн болгожээ. Хориг өнгөрсөн оны шийдвэрээс хойш хэрэгжиж эхэлсэн тул заавал эдлэх 15 сарын хугацаа нь аль хэдийн дууссан байна.