Р.Эрдоан: НАТО-гийн уулзалтаас F-35 сөнөөгчийн талаар нааштай шийдвэр гарна гэж найдаж байна

АНКАРА, 2026 оны долоодугаар сарын 8 /Anadolu/.  Анкара хотноо болж буй НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-аас Туркт F-35 сөнөөгч онгоц нийлүүлэх асуудлаар нааштай шийдвэр гарна гэж найдаж байгаагаа Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан илэрхийллээ. Энэ тухай тэрбээр Умард Атлантын эвслийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үеэрээ мэдэгджээ.

Р.Эрдоан хэлэхдээ “F-35-ын асуудал бидний хувьд шинэ зүйл биш. Энэ асуудлыг бид өмнө нь АНУ-тай хэлэлцэж, 5 ширхэг онгоц нийлүүлэх амлалтыг авсан” хэмээн онцлон тэмдэглэсэн байна.

Тэрбээр АНУ-ын тал өмнө нь өгсөн амлалтуудаа биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлээд энэ асуудлаарх Д.Трампын байр суурийг өндрөөр үнэлсэн байна. “F-35-ын талаар өмнө нь бидэнд өгсөн амлалтууд нааштайгаар баталгаажина гэдгийг би мэдэж байна. Ноён Трамп үргэлж хэлсэндээ хүрдэг хүн” гэж Туркийн Ерөнхийлөгч онцолжээ.

Туркийн удирдагч мөн F-35-аас гадна, Туркийн KAAN сөнөөгч онгоцны хөдөлгүүр нийлүүлэх асуудлаар нааштай хариу хүлээн авна гэж найдаж байгаагаа хэлэв. “Би энэ асуудлыг эрхэм анд нөхөртэйгээ өмнө нь хэлэлцсэн. KAAN сөнөөгчийн хөдөлгүүрийн тухайд бид удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр дахин хөндөнө. Өмнө нь бидэнд дуулгасан нааштай мэдээгээ дахин дуулгана гэдэгт итгэлтэй байна. Магадгүй удирдагчдын уулзалтын үеэр бид түүнд сайн мэдээ дуулгасанд талархлаа илэрхийлэх байх” хэмээн Р.Эрдаон хэлжээ.

Хоёр улсын удирдагчид дэлхийн геополитикийн асуудлууд, мөн Орос, Украины эргэн тойрон дахь нөхцөл байдлыг тусгайлан хэлэлцэж, цаашдын алхмуудыг тодорхойлохоор тохиролцсон байна. 

Уулзалтад Туркийн талаас Гадаад хэргийн сайд Хакан Фидан, Сангийн сайд Мехмет Шимшек, Үндэсний батлан хамгаалахын сайд Яшар Гюлер болон Үндэсний тагнуулын байгууллагын (MİT) дарга Ибрагим Калын нар байлцсан бөгөөд үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалтад хийжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн