Польшийн Хууль зүйн сайд асанд олгосон улс төрийн орогнолоо Унгар улс цуцалжээ

Санхүүгийн луйврын хэрэгт буруутгагдаж байгаа Польшийн Хууль зүйн сайд асан Збигнев Зёброд олгосон улс төрийн орогнолоо Унгарын эрх баригчид цуцалжээ. З.Зёбро нь энэ оны тавдугаар сарын эхээр Унгараас АНУ руу дүрвэн гарсан байна.  

Энэ тухай Польшийн Гадаад хэргийн сайд Радослав Сикорский X нийгмийн сүлжээнийн хуудсандаа мэдээлэхдээ, “Унгар улс Марчин Романовский, Збигнев Зёбро, мөн Патриция Котецка-Зёбро нарын дүрвэгчийн статусыг хүчингүй болгосон тухай албан бичгийг хүлээн авлаа. Мөн тэдний аяллын бичиг баримтыг хүчингүй болгосон” гэжээ.

Польшийн прокурорын байгууллагаас Зёброд нийт 26 зүйл ангиар ял тулгасны дотор “гэмт бүлэглэлийг удирдсан” гэх хэрэг багтаж байгаа аж. Түүнийг мөн “Шударга ёсны сан”-гийн хөрөнгөөр Израилын “Pegasus” тагнуулын программыг хууль бусаар худалдан авч, уг программыг ашиглан Польшийн 500 орчим улстөрч болон тэдний гэр бүлийн гишүүдийг нууцаар тагнасан хэрэгт буруутгасан байна. 

Унгарын эрх баригчид Зёбро болон түүний эхнэрт 2025 оны 12 дугаар сард улс төрийн орогнол олгосон байна. Харин Унгарын шинэ Ерөнхий сайд Петер Мадьяр Польшийн улстөрчийг эх оронд нь шилжүүлэн өгөхөө мэдэгджээ.

З.Зёбро “Republika” телевизийн сурвалжлагчаар ажиллах сэтгүүлчийн визээр АНУ руу ниссэн болох нь тавдугаар сарын 10-нд тодорхой болсон байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн