НЬЮ-ЙОРК, 2026 оны долоодугаар сарын 03 /Reuters/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад (БНАКУ) дэгдээд байгаа Бундибугё омгоор үүсгэгдсэн Эбола вирусний халдварт өвчний эмчилгээний эмнэлзүйн туршилтад оролцох анхны өвчтөнийг пүрэв гарагт бүртгэжээ. Ингэснээр уг халдварт өвчинтэй тэмцэх хүчин чармайлтад чухал ахиц дэвшил гарч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) тэргүүн Тедрос Адханом Гэбрейсус сэтгүүлчдэд мэдэгдэв.
Гэсэн хэдий ч Тедрос Итури мужид байрлах Эболаг эмчлэх төв халдлагад өртөж, хоёр хүний амь нас хохирсон хэргийг дурдаад, халдварын тархалтыг зогсооход саад бэрхшээл тулгарсаар байгааг анхааруулжээ. “Хэдийгээр ахиц дэвшил гарсаар байгаа боловч бидэнд үл итгэх, хүчирхийлэл зэрэг томоохон сорилтуудтай тулгарсаар байна” гэж ДЭМБ-ын Ерөнхий захирал хэлсэн байна.
Одоогоор албан ёсоор баталгаажсан вакцин, эмчилгээ байхгүй байгаа Эбола вирусний Бундибугё омгоор БНАКУ-д 1400 гаруй хүн халдварлаж, 438 хүн нас баржээ. Тедросын хэлснээр, тус улсад сүүлийн хоёр долоо хоногт өдөрт дунджаар халдварын 38 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
ДЭМБ-ын мэдээлснээр, энэхүү туршилтаар “Mapp Biopharmaceutical” компанийн туршилтын шатанд байгаа “MBP134” эсрэг биетийг Бундибугё омгоор үүсгэгдсэн Эбола өвчнийг эмчлэхэд дангаар нь хэрэглэх үү, эсвэл “Gilead Sciences” компанийн вирусний эсрэг “Ремдесивир” эмтэй хавсарч хэрэглэх эсэхийг үнэлэх ажээ. Туршилтад 1000 гаруй өвчтөнийг хамруулах бөгөөд хэдэн сарын турш үргэлжлэх төлөвтэй байна.