Олон жилийн турш Найроби хотын оршин суугчид Гэгээн Валентины баярыг улаан өнгөөр дагнан, тэмдэглэж иржээ. Хүмүүс улаан хувцас өмсөж, улаан сарнай бэлэглэдэг. Кени улс дэлхийн хамгийн том цэцэг экспортлогчдын нэг тул жил бүрийн энэ өдөр цэцэг худалдагчид илүү их ашиг олдог.
Гэхдээ сүүлийн үед цэцгийн оронд мөнгөтэй “баглаа” бэлэглэх болжээ.
Мөнгөн дэвсгэртийг нугалж, ороож, цэцэг шиг хэлбэрт оруулан баглаа болгодог. Энэ чиг хандлага Африкийн бусад орнуудад ч тархсан байна. Улмаар Кени, Уганда, Руанда, Ботсвана, Намиби зэрэг улсын төв банкнууд мөнгөн дэвсгэртийг гэмтээхгүй байхыг анхааруулжээ. “Central Bank of Kenya” (CBK)-ийн мэдээлснээр мөнгөн дэвсгэртийг наах, үдэх, хадах зэргээр гэмтээдэг. Гэмтсэн мөнгийг АТМ болон мөнгө ангилах машин хүлээж авдаггүй тул гүйлгээнээс гаргаж, шинээр хэвлэх шаардлагатай болдог байна. Энэ нь татвар төлөгчдөд зардал учруулдаг. Мөнгөн дэвсгэртийг гэмтээх нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд долоо хүртэлх жил хорих ял авч болзошгүй.
Улмаар “CBK” нь бэлэн мөнгө бэлэглэхийг эсэргүүцээгүй ч дэвсгэртийг гэмтээхийг хоригложээ.
Мөнгөний баглаа нь алдартнууд, сошиал медиа нөлөөлөгчдийн ачаар түгээмэл болсон. Тэд ийм бэлэг гардуулж буй бичлэгээ нийтэлдэг. Зөвхөн Валентины баяраар бус, төрсөн өдөр болон бусад онцгой баяруудад ч ийм баглаа өгдөг болсон. Зарим хүмүүсийн хувьд мөнгө бэлэглэх нь амархан, “хүн бүр мөнгөнд дуртай” тул гоё, ашигтай бэлэг гэж үздэг. Харин бусдын хувьд хүмүүс хэт материаллаг болж, хайрыг мөнгөөр худалдаж авах гэж байна гэж шүүмжилдэг байна. Мөн зарим нь цэцэг бэлэглэх эсвэл мөнгийг шууд шилжүүлэхийг илүүд үздэг.

Эдийн засгийн шинжээчдийн хэлснээр мөнгөтэй баглаа бэлэглэх нь капиталист соёлын хэлбэр бөгөөд онцгой өдрүүдийг маркетинг, сурталчилгаанд ашигладагтай холбоотой. Мөн цэцэг бэлэглэх нь барууны уламжлал гэж үздэг тул Африкт практик буюу хэрэгцээтэй бэлэг, тухайлбал мөнгө илүү хүмүүст таалагддаг гэж тайлбарлаж байна.
Анхааруулга гарсан ч мөнгөний баглаа алдартай хэвээр байна. Зарим худалдагчид мөнгийг гэмтээхгүйгээр үзэмжтэй байрлуулах шинэ аргууд сэдэж, зарим нь ам.доллар ашиглах болсон. Тиймээс мөнгөний баглааны соёл ойрын хугацаанд алга болохгүй бололтой.