НЬЮ-ЙОРК, 2026 оны долоодугаар сарын 2 /Reuters/. Эрсдэлтэй үзүүлбэр хийдэг Оросын уран бүтээлч хос өчигдөр буюу лхагва гарагт Нью-Йорк хотын алдарт Эмпайр-Стэйт-Билдинг цамхгийн орой дээр гарч, дэлхий нийтийг энх тайванд уриалсан том туг дэлгэн, эрэгтэй нь гэрлэх санал тавьсны дараа тэднийг баривчилжээ.
Ханцуйгүй хар цамц өмсөж, тэнгэрт өнгөрүүлсэн хором бүрээ олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулж байсан Анжела Николау, Ваня Биркус нар Манхэттэний төв гудамжнаас дээш 443 метрийн өндөр тэнгэр баганадсан уг барилгын орой дээрх улаанаар гэрэлтэх антенн дээр гарч, “Хайрын хүч эрх мэдэлд дурлах хүслээс илүү хүчтэй болох үед дэлхий энх тайвныг мэдэрнэ” хэмээн цагаанаар бичсэн хар тугийг салхинд хийсгэн барьсан байв.
Хосууд 12:30 цагийн орчимд антенны доохон байрлах тавцан руу аажмаар бууж, хэсэгхэн зогссоны дараа Биркус нэг өвдөг дээрээ сөгдөн суугаад Николауд гэрлэх санал тавьж, удалгүй тэврэлдэн, үнсэлцэж байгаа нь дүрс бичлэгүүдэд харагдана.
Бусдаас онцгойрох өөрийнх нь нэрийн хуудас болсон “Муур эмэгтэй” (Catwoman) загварын толгойн өмсгөлөө өмссөн байсан Николау гараа бахдан харж, бөгжнийхөө зургийг Инстаграм хуудсандаа хуваалцахаар авч байгаа нь дүрс бичлэгт мөн үлджээ. Тэдний “дээвэр дээрх” адал явдал нь 2024 онд гарсан “Skywalkers: A Love Story” нэртэй баримтат киноноос сэдэвчилсэн гэлтэй.
Нью-Йоркийн цагдаагийн газар барилгын эргэн тойрны гудамжуудыг хааж, хосуудыг баривчилсан бөгөөд тэднийг ямар нэгэн эсэргүүцэлгүйгээр саатуулсан гэж мэдэгдсэн байна. Мөн тодорхой зүйл ангиар хэрэг үүсгэж магадгүй гэжээ.

2001 онд Дэлхийн худалдааны төвд халдсанаас хойш Нью-Йоркийн Эмпайр-Стэйт-Билдинг зэрэг хэд хэдэн дурсгалт газруудын аюулгүй байдлыг чангатгажээ. Энэхүү үйл явдал нь Нью-Йоркт аагим халуун өдрүүд үргэлжилж, дуучин Тейлор Свифт, Үндэсний хөл бөмбөгийн лигийн (NFL) од Трэвис Келси нарын хуримын ёслол, мөн долоодугаар сарын 4-нд тохиох Тусгаар тогтнолын тунхаглалын 250 жилийн ойн баярыг тэмдэглэхээр бэлтгэж байгаа үед боллоо.

