Нурангид даруулсан гурван настай хүүг зургаан хоногийн дараа аварчээ

КАРАКАС, /BBC/. Венесуэлд сүйтгэлт газар хөдлөлт болсноос зургаан хоногийн дараа нурангин дороос гурван настай хүүг эсэн мэнд гаргаж авсан тухай Йорданы аврах баг мэдээлжээ.

Клейбер Моран хэмээх хүүг Ла-Гуайра муж дахь сүйдсэн барилгын нурангин доороос гарган авах үед аврагчид баярлан уухайлж буй нь дүрс бичлэгт харагдах ажээ. Тус улсын Ерөнхийлөгчийн үүргийг түр гүйцэтгэгч Делси Родригес хүүг аварсан явдлыг “итгэл найдвар төрүүлсэн мөч” хэмээн тодорхойлсон байна.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Венесуэлд 7.2 болон 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас амиа алдсан хүний ​​тоо 1943-т хүрч, 10 мянга гаруй хүн гэмтэж бэртсэн бол хэдэн арван мянган хүн сураггүй болсонд тооцогдож байна.

АНУ-ын Сансар судлалын агентлагийн (NASA) хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэсэн урьдчилсан үнэлгээгээр, газар хөдлөлтийн улмаас 58 870 барилга байгууламж эвдэрч, эсвэл бүрэн сүйдсэн байж болзошгүй байна.

Йорданы Иргэний хамгаалалтын албанаас мэдээлснээр, Клиберт хүүд анхан тусламжийг үзүүлэн, эмнэлэгт хүргэсэн бөгөөд биеийн байдал нь тогтвортой байгаа ажээ. Венесуэлийн Үндэсний ассамблейн дарга Хорхе Родригес хүү тус улсын нийслэл Каракас хотод эмчлүүлж байгаа гэдгийг мэдэгджээ.

Хүүг газар хөдөлснөөс хойш зургаа дахь өдөр аварсан нь онцгой тохиолдол болж байна. Учир нь мэргэжилтнүүдийн үздгээр газар хөдлөлтийн дараах эхний гурван хоногт нурангин дор дарагдсан хүмүүсийг эсэн мэнд олох магадлал хамгийн өндөр байдаг ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн